Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны зүгээс 2020 онд уулын туруутан амьтдын тоо толгой, байршлын судалгаа хийжээ.
Тус цогцолборт газрын орчны болон хязгаарлалтын бүсэд 2020 оны 10 дугаар сард хийсэн судалгаагаар 25 сүргийн 531 аргаль хонь байна. Мөн 9 сүргийн 231 янгир ямаа тэмдэглэгдсэн аж.
Мянган угалзат уул нь Монгол Алтайн нурууны нэгэн салбар юм. Энэ нуруунд аргаль угалзын сүрэг олноороо амьдарч байсан учраас ийнхүү нэрлэжээ.
Ховд аймгийн Цэцэг сумын нутагт орших энэхүү нуруу нь Алтайн аргалийн тархалтын цөм нутаг байсан. Ховор ургамал амьтан ихтэй, байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар нутаг учраас 2002 онд УИХ-ын 39 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авчээ.
Мянган угалзатын нуруу нь Монгол Алтайн нурууны хойд хэсэгт эргэн тойрон хотгороор хүрээлэгдэн, өндөр уулын хуурай бүсэд оршдог аж.
Их мянган угалзат, Бага мянган угалзат, Асган уул зэрэг хэд хэдэн томоохон уулнаас бүрдсэн том нуруу гэдгээрээ онцлогтой.
Эх сурвалж : Ховд аймаг (МОНЦАМЭ)