Бид олон сая жилийн өмнө Үлэг гүрвэл амьдарч байсныг мэддэг боловч манай орны унаган амьтан болох Монгол бөхөнг байгалийн хатуу, ширүүн үзэгдлийг даван туулж өдий хүртэл эсэн мэнд оршсоор ирсэн гэдгийг төдийлөн мэддэггүй. Монгол бөхөн бол мөстлөгийн үеийг давж чадсан нэн эртний түүхтэй амьтан юм.
Гадаад шинж, байдал: 115 см-ын урт биетэй , зооны өндөр нь 75 см бөгөөд 32 кг хүртэл жин татдаг . Сүүлний урт 25 см, цайвар шаргал зүстэй, хос шорон эвэртэй. Эмэгчин бөхөн нь эвэргүй. Зун улаан шаргал, өвөл цайвар саарал, нялх янзага бор хүрэн зүстэй. Хүзүүгээ урагш сунган, толгойгоо гудайлган бөхийж, цагт 60-70 км хүртэл хурдлан давхидаг.
Монгол бөхөнгийн ач холбогдол: Сүрэглэж бөөнөөр явдаг туруутан энэ амьтан бэлчээрийн ургамлыг эргэлтэнд оруулан, хөрсийг талхин сийрэгжүүлж хорголоороо говь цөлийн бүсийн хөрсийг бордон ургамлан нөмрөгийн бүтээмжид сайнаар нөлөөлдөг. Монгол бөхөн ийнхүү говь цөлийн орчин тогтолцооны чухал бүрэлдэхүүн хэсэг болж ургамал, амьтны аймгийн элдэв хэлбэр оршин тогтнох хэвийн байлгах чухал нөлөө, оролцоо ач холбогдолтой.
Хамгаалагдсан байдал: Монгол улсын хэмжээнд 1930 оноос эхлэн хуулиар агнахыг хориглон дархан цаазтай амьтны тоонд оруулсан, монгол улсын “Улаан ном”-ын 1987, 1997 оны хэвлэл, 1995 оны шинэчлэн найруулсан “Амьтны аймгийн тухай хууль”- аар нэн ховор ангилалд оруулсан юм.
Байгаль дэлхий, ургамал, амьтдаа танин мэдэж, хайрлан хамгаалцгаая! Хүн бүр байгаль хамгаалагч байж чадна.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам