Германы Штуттгарт хотноо болдог аялал жуулчлалын олон улсын “СМТ DIGITAL-2021” үзэсгэлэнд Монгол Улс оролцлоо.
Жил бүрийн 1 дүгээр сард болдог аялал, жуулчлалын салбарын томоохон үзэсгэлэн “СМТ DIGITAL” энэ онд цар тахлаас үүдэн хойшлогдоод байсан юм. CMT (Caravan, Motor, Touristik) буюу аялал жуулчлалын салбарын хэрэглэгчдэд шууд хандсан (B to C) уг үзэсгэлэн улс орон, бүс нутаг, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг танилцуулдаг. Үүний зэрэгцээ газар дээр нь шууд гэрээ байгуулах, бүтээгдэхүүн худалдан авах боломжтой байдаг онцлогтой. Штуттгарт хотын үзэсгэлэнгийн захиргаа уламжлалыг тасалдуулахгүйн үүднээс “СМТ DIGITAL-2021” үзэсгэлэнг 2021 оны 1 дүгээр сарын 26-нд цахим хэлбэрээр зохион байгуулсан юм.
Дэлхий дахиныг хамарсан “COVID-19”-ийн цар тахал аялал, жуулчлалын салбарт хүнд тусаж, салбарын цаашдын хөгжилд ч нөлөөлөх хандлагатай байгаа юм. Тухайлбал, европчууд өндөр үнэтэй тусгай үйлчилгээ, тансаг амралтаас илүү идэвхтэй, байгальд ээлтэй, ухамсартай аяллын төрлүүдийг сонирхон хүлээн авч байна. Түүнчлэн коронавирусний үед аяллын машин, тусгайлан тоноглосон тээврийн хэрэгслийн эрэлт огцом өсжээ. Энэхүү шинэ хандлага өргөн уудам нутаг, үзэсгэлэнт байгальтай Монгол орны аялал жуулчлалын салбарын хөгжилд эерэгээр нөлөөлөх боломжтой юм.
Монгол Улс 2001 онд СМТ үзэсгэлэнгийн Түнш орноор оролцсон бөгөөд 20 жилийн дараа дахин энэ түвшинд оролцохоор төлөвлөж байв. “СМТ DIGITAL-2021” цуцлагдсан ч манай улс хамтран ажиллах гэрээгээ сунгаж, 2022 онд Түнш орон болохоор шийдвэрлэснийг Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Д.Ганбат Штуттгарт хотод болсон уг цахим үзэсгэлэнд оролцох үеэрээ уламжилсан талаар ГЯХ-наас мэдээллээ.