Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Эрүүл мэндийн сайд С.Энхболдод бараалхав.
“Эрүүл мэндийн сайдаар томилогдсонд баяр хүргэе. 42 настайдаа анх удаа сайд болж байгаа юм байна. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлаар ажиллаж байсан учраас салбарын хүн гэсэн үг. Салбарынх нь хүн сайдаар томилогдохоор салбарынхан нь их зүйл хүлээдэг шүү. Улстөрийн хүн биш байгаа нь зөв шийдэл болов уу гэж бодож байна. Эрүүл мэндийн салбар улстөржиж болохгүй. Учир нь өвчнийг нам харгалзахгүйгээр тусна. Эрүүл мэндийн салбар бол хамгийн улстөржиж болохгүй салбар шүү.
Саяхан Арабын орнуудаас 7 сая орчим ам.долларын тусламжийг танай яаманд хүргүүлсэн. Тэр тусламжийг хүлээн авсан эсэхийг мэдээд, хааш нь түгээхээ бодмоор байгаа юм. Мөн цар тахлын үеэр асар их хэмжээний мөнгөн дүнтэй тэнцэх тусламжууд орж ирсэн. Тэрийг Шадар сайдтайгаа нийлж бүртгэлийг нь гаргаад иргэдэд зарлах хэрэгтэй. Энэ асуудлаар иргэд их бухимдалтай байгаа.
Сая зохион байгуулалтгүйн улмаас цар тахлыг дотооддоо алдлаа. Энэ зохион байгуулалтын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ч юм уу, бид хамтраад ярих ёстой. Анх цар тахал гарахад Ерөнхий сайд, УИХ-ын дарга, бусад яамдын сайд, дарга нартай хуралдаж байгаад хагас цэргийн зохион байгуулалтад орсон. Сүүлдээ зохион байгуулалт алдагдаад явчихлаа. Үүн дээр онцгой анхаараарай.
Анх удаа сайд болоход кабинетийн зарчмаа ойлгох, Ерөнхий сайдтайгаа ойлголцох, Шадар сайд, бусад сайд нар, салбарынхантайгаа ойлголцох гээд асуудлууд байдаг шүү.
Эрүүл мэндийн салбар мөн хоцрогдсон салбар. Эмч нарын цалин хөлс, ялангуяа алслагдсан аймаг, сумдад эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нарийн мэргэжлийн эмч нарын цалин хөлс, өрхийн эмч нар, өнөөдөр халуун цэг дээр ажиллаж байгаа хүмүүс, хөл хорио гэх мэт зөндөө асуудал байна. Таны өмнө маш олон асуудал тулгарна. Энийг хамтын хүчээр шийдэж, бусад орны туршлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй.
Вакцины асуудлыг Ерөнхий сайд байгаа дээр ярья. Вакцины асуудлаар Сангийн сайд яваад байгаа нь буруу. Сангийн сайд вакцины мөнгийг төсөвтөө тусгаагүй учраас бантсандаа өөрөө вакцин хөөцөлдөөд байгаа юм шиг байна. Вакцин бол мөнгөний асуудал биш. Вакцин тариулж буй хүмүүсийн ирээдүйн эрүүл мэндийн асуудал. Вакцины асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцсэний дараа нэг цонхоор шийдэх хэрэгтэй. Өнөөдөр вакцинаар бизнес хийгээд эхэллээ. Мөн янз бүрийн олон асуудлыг тавиад эхэлсэн гэдгийг анхаараарай гэв.
Б.Эрдэнэ