УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы хаалтаа хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганыг хааж үг хэллээ.
Тэрбээр “Бид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж цахим технологи ашиглан хуралдсан. Иргэдийнхээ шударга шүүхээр хангуулах эрхийг хангалаа. Бид цахим парламент байх шинэчлэлийг хийлээ. Ингэснээр ард түмэнтэйгээ зөвлөлдөж, хамтарч хууль хэрэгжүүлдэг ардчиллын суурь зарчим хэрэгжинэ.
Шинжлэх ухааны нотолгоо, судалгаанд тулгуурлан шийдэх боломж бүрдэж байна. Санал дүгнэлт гаргах, хууль тогтоомжийн дүгнэлт боловсруулах гурван ажлын хэсгийг байгуулж ажлуулахаар хүссэн. Хэдхэн хоногийн өмнө шинэ Засгийн газар байгуулагдлаа. Төрийн албаны ёс зүй сахилга хариуцлагын тухай хуулийг хаврын чуулганаар эцэслэн батлах болно.
Шинэ Засгийн газар өмнөх Засгийн газрын эхлүүлсэн шударга ёсны төлөөх зоримог шийдлүүдийг үргэлжлүүлж, үр дүнд хүргэж ажиллана гэдэг бүрэн итгэж байна. Халдварын эсрэг вакциныг цаг тухайд нь авчирч яаралтай эхлүүлэх шаардлагатай. УОК-ын үр дүнтэй гарцаагүй зөв шийдвэрийг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Цөөнгүй аймаг сумдад малчид хүнд байдалд байна.
Сүүлийн жилүүдэд малын тоо толгой зохицуулалтгүй өсөж, цөлжилт ихэссэн. Цаашид бэлчээр, мал аж ахуй, орон нутгийн удирдлагын түвшинд томоохон шинэчлэл хийх болсон.
Төсвийн сахилга баттай байх шаардлагатай. Оюутолгойн гэрээг сайжруулах ёстой гэж УИХ үзэж 92 дугаар тогтоолыг баталсан. Энэ талаар байнга ярьж санал гаргаж байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгойг гэрээг хамгаалах чиглэлээр идэвхитэй ажиллаж байгаа. Үүнийг бид дэмжиж байна. Бид алсын хараатай эрх зүйн хувьсгалд суурилмаар байна.
УИХ-ын хаврын чуулганаар нэн чухал 100 гаруй хуулийг батлаж хэлэлцэж ёстой. Сахилга хариуцлага ёс зүйг эрхэмлэсэн ард түмэн нь амгалан Монголын төлөө хичээн зүтгэцгээе” гэлээ.
Н.Батаа