Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулж, Байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд, түр хороо болон хууль санаачлагчийн саналыг үндэслэх хуулийн зохицуулалттай. Энэ дагуу нийт 263 хууль тогтоомжийн төслийн санал иржээ.
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн батлахаар хуульд тусгайлан заасан хууль, тогтоолын төслүүд; “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолд заасан хууль, тогтоолын төслүүд; Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр тэргүүн ээлжинд хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийг багтаах зарчмыг баримтлан нийт 50 төслийг Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгасан байна.
Хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр мөн цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл болон хууль санаачлах эрх бүхий субьектүүдээс өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг тухайн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг хуульд заасны дагуу Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналаар шийдвэрлэхээр тогтоолын төслийн 2, 3 дахь заалтад тусгасан юм.
Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Г.Ганболд нар асуулт асууж, хариулт авч, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоол батлахдаа тогтоолд оруулах хууль тогтоомжид бодитой хандахгүй бол энэ нь Улсын Их Хурлын ажлын биелэлтэд сөргөөр нөлөөлөх тул цаашид уг асуудалд анхаарах шаардлагатай талаар саналаа илэрхийлсэн болно.
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолд тусгаагүй асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, батлуулахаар Монгол Улсын Засгийн газраас санал өгч байгаа нь төрийн бодлого тогтвортой, уялдаатай, төлөвлөлттэй байх зарчимд нийцэхгүй байгааг онцлоод өөрсдийн баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, түүнд нийцүүлэн баталсан хууль тогтоомжоо дагаж мөрдөх, хэрэгжүүлэх ажлыг өөрсдөөсөө эхлэх нь зүйтэй талаар саналаа илэрхийлж, холбогдох зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул уг асуудлаар цөөнх болохоо илэрхийлсэн гэв.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тогтоолын төсөлд нэмж тусгуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна.
“Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт үг хэлсэн юм. Дараа нь тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 45 гишүүн дэмжснээр “Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав. Улсын Их Хурлын дарга тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцуулав.
Тогтоол батлагдсанаар Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар дараах хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр боллоо.
- “Монгол Улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
- Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын Үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлт батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
- Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл;
- Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
- Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
- Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;
- Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд;
- Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Судалгааны их сургуулийн тухай хуулийн төсөл;
- “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл;
- Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл;
- Уул уурхайн нөхөн сэргээлтийн тухай хуулийн төсөл;
- Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл;
- Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
- Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- 3өрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл;
- Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Шүүх байгуулах тухай хуулийн төсөл;
- Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цахим гарын үсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл;
- Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
- Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Хууль тогтоомжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
Түүнчлэн хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Мөн “Ковид-19” цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээдээс өргөн мэдүүлсэн энэ тогтоолын 1-д зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг тухайн ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тухай бүрд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж байхаар болов. Үүгээр чуулганы хуралдаан түр завсарлалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.