Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Тэлмүүн тауэр хотхоны 605-р байрны оршин суугч иргэнээс 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр коронавируст халдвар батлагдаж, тус байранд дүүргийн Засаг даргын захирамжаар хөл хорио тогтоогоод байсан.
Дүүргийн Онцгой комиссоос шуурхай арга хэмжээ авч, тус хотхоны 119 оршин суугч болон 9 дүгээр хорооны Ажлын албаны 15 албан хаагчаас Эрүүл мэндийн төвийн Явуулын 3 баг тандалт, шинжилгээ хийж ажилласан юм. Өнөөдөр шинжилгээнд хамрагдсан бүх иргэний хариу сөрөг гарсан тул дүүргийн Засаг даргын 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн А/18 дугаар захирамжаар тус байранд тогтоосон хөл хориог цуцаллаа.
Халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг дэмжин иргэний үүргээ биелүүлэн халдварын илрүүлэг шинжилгээнд идэвхтэй хамрагдсан нийт иргэн, аж ахуй нэгж байгууллагууд болон бүх нийтийн эрүүл мэндийн хамгаалах ажлыг шуурхай зохион байгуулсан дүүргийн Онцгой комиссын гишүүд, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон хорооны Засаг даргын Ажлын алба, хэсгийн ахлагч нартаа талархлаа илэрхийлье. Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын эрсдэл өндөр байгаа тул иргэн та шаардлагагүй үед олон нийтийн газраар зорчихгүй, гэртээ байж, амны хаалтаа тогтмол зүүн хүн хоорондын зай барихыг уриалж байна.
Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар