Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 5 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааны дараа хуралдаж, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд танилцуулав.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Б.Пүрэвдорж нар үг хэлж, тогтоолын төсөлд хүндэтгэлтэй хандаж, тогтоолын төслийг батлахыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах Байнгын хорооны горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 95.8 хувь нь дэмжив. Иймээс тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 49 гишүүний 47 нь буюу 95.9 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.
Уг тогтоолын төсөл нь хоёр заалттай бөгөөд Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороодод даалгасан зохицуулалтыг тусгажээ. Тогтоолын төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар үүсэхгүй бөгөөд Монгол Улсын иргэд нийгмийн үнэт зүйлс, улс орныхоо тусгаар тогтнол, хөгжлийн төлөө эвлэлдэн нэгдэж улс төрийн нам байгуулан ажиллаж олсон амжилт, ололтын түүхийг баталгаажуулах, бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэж төсөл санаачлагчид үзсэн байна.