2020-2021 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу ирэх долоо хоногийн Даваа гарагаас хоёрдугаар улирлын хичээл эхлэх гэж байгааьай холбогдуулан БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир дараах тайлбар өглөө “Цаг уурын байгууллагаас ойрын саруудын цаг агаарын урьдчилсан мэдээллийг авсан. Хоёрдугаар сарын эхээр дулааралт ажиглагдахгүй байгаа тул хүйтний улиралд ханиад томууны дэгдэлтийг нэмэгдүүлэхгүй байхаар болгоомжилж байгаа.

Түүнчлэн өвөлжилтийн нөхцөл байдлыг харгалзаж байна. Одоогоор их эрсдэлтэй 11 аймгийн 89 сум, эрсдэлтэй 150 гаруй сум байгаа. Эдгээр суманд 13.6 мянган өрх отроор өвөлжиж байна. Өвөлжилт хүндэрсэн бүс нутагт 25 мянга орчим айл өрх өвөлжиж байгаа бөгөөд эдгээрт сургууль, цэцэрлэгийн насны 20 гаруй мянган хүүхэд амьдарч байна. Хэрэв хоёрдугаар сарын 1-нд орон нутагт танхимын сургалтыг эхлүүлбэл 7-8 хоног хичээллээд, Цагаан сарын баярын амралтын өдрүүд эхэлнэ. Өвөлжилт хүндэрсэн бүс нутагт байгаа хүүхдүүд сургуульдаа ирэх, урт амралтын өдрүүдэд буцахад хүндрэлтэй гэж үзсэн.

Мөн улсын хэмжээнд сурагчид, эцэг, эх, багш ажилтнуудаас судалгаа авсан. Судалгаанд оролцсон эцэг, эхчүүдийн 16 хувь нь хоёрдугаар сарын 1-нд танхимын хичээл сургалтыг эхлүүлэхийг дэмжсэн. Харин цар тахлын халдвар гараагүй бүс нутагт эхлүүлэхийг дэмжсэн 24 хувь, харин 20 хувь нь тодорхой хязгаарлалтын дор хичээллүүлэх саналыг гаргасан. Сурагчдын 35 хувь нь танхимын сургалтыг эхлүүлэхийг дэмжсэн.

Иймд БШУЯ-наас хичээлийн жилийн бүтцийн дагуу хоёрдугаар сарын 1-нээс зайн сургалтаа эхлүүлнэ. Танхимын сургалт хэзээ, хэрхэн эхлэхийг Улсын Онцгой комисс саналаа танилцуулснаар Засгийн газар шийдвэрээ гаргаж, танхимын сургалтыг хоёрдугаар сарын 15-наас эхлүүлэх үү, гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх үү гэдгийг албан ёсоор олон нийтэд танилцуулна” гэжээ.

 

Л.Баяр

 

 

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн