Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгдүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Хоригийг Ерөнхийлөгч Х.Баттулга танилцууллаа.
Тэрбээр “Улс орны аюулгүй байдал, иргэдийн эрх чөлөөтэй шууд холбогдох гурван хуульд нэгэн зэрэг хориг тавих болсонтой холбогдуулан МУ-ын ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүний хувьд өөрийн зарчмын байр сууриа илэрхийлье гэж бодлоо.
Эрх мэдлээ ашиглан нийтийн баялгийг цөлмөгч бүлэглэл маань шударга ёсны тэмцлийг саармагжуулах, үгүйсгэх, харлуулахын төлөө бүгдийг хийж ирсэн, хийсээр ч байна. Тэд өнөөдөр амь тавьж байна. Шударга ёсны үнэнд гүйцэгдэж, хүйтэн цуст капиталист сэтгэлгээгээр төр улсын эрх ашиг, ард түмний амь амжиргааг сохор зоосны нүдээр харж байна.
Мөнгөнд эх орон, ард түмэн гэж байдаггүй. Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллага маш үр дүнтэй ажилласан. Нийтийн баялгийг цөлмөж, оффшор бүсэд нууцалсан асар их хэмжээний хөрөнгийг илрүүлж эхнээсээ Монгол Улсад оруулж ирэх нөхцлийг бүрдүүлээд байна. Эрх мэдэлтнүүдийн гэмт үйлдлийг илрүүлсэн ганц тодорхой жишээ дурьдахад. Тодорхой албан тушаалтнуудын 4 их наяд орчим төгрөгийн мөнгөн дүн бүхий гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлээд байна.
Ийнхүү илрүүлээд эхлэнгүүт олигархи бүлэглэл хууль батлах замаар хууль хяналтын байгууллага, шүүх засаглалыг өөрийн нөлөөнд оруулж эхэллээ.
АТГ болон шүүгчдийг сонгон шалгаруулдаг ШЕЗ, Шүүхийн сахилгын хороог ялсан нам нь хяналтад авснаар цагаан захтнуудын гэмт хэрэгтэй тэмцэх боломжийг үгүй хийж, босоо удирдлагын тогтолцоонд шилжүүлэхээр оролдож байна.
Цар тахалын үед оффшор бүсээс оруулж ирсэн хөрөнгийг өрх бүрд нэг сая төгрөг өгөх үндэсний үйлдвэрлэлээ дэмжин олгох санаачлагыг гаргамагц сангийн сайд нь оффшор бүсээс хууль бус хөрөнгийг оруулж ирэх үйл ажиллагааг ил цагаан эсэргүүцээд байгааг ойлгох ухаан хайрлана уу.
Цар тахалаас шалтгаалан ард иргэдийн амжиргаа өдрөөс өдөрт дордож байгаа энэ үед УИХ-д өргөн барьсан өрх бүрд нэг сая төгрөг олгох тогтоолын төслийг хэлэлцэхгүйгээр цуулган хааж байгаад үнэхээр гайхаж байна. Үүнтэй холбогдуулан ээлжит чуулганыг зөвхөн энэ асуудлаар би зарлан хуралдуулах болно.
Тиймээс хоригийг бүхэлд нь хүлээн авч, нухацтайгаар хэлэлцэхийг УИХ-ын гишүүд та бүхнээс хүсэж байна.
Мөн оюутолгойн гэрээг тойрсон авилга, албан тушаалын гэмт хэрэг болон уг гэрээнд Монгол Улсын эрх ашгийг хамгаалах асуудлаар УИХ нэн даруй хаалттай хэлэлцэж холбогдох хууль хяналтын байгууллагын мэдээллийг сонсох зайлшгүй шаардлага үүсээд байна. Анхааралдаа авна уу.
Монголчуудаа, ард иргэдээ Үндсэн хуулиар заасан ард иргэдийн баялгийг олигархи бүлэглэл эрх мэдлийг ашиглан эзэмшиж, асар их хөрөнгөө нууцалсан нь дөнгөж мэдэгдэж эхлээд байна.
Тэд УИХ-ын гишүүдийг барьцаалж, чиглүүлж, дарамталсаар байгаа нь тодорхой болсон учраас олны хүч оломгүй далай гэдэг үгийн хүчийг одоо гаргах цаг иржээ. Монгол Улсын ерөнхийлөгийг бэлгэ тэмдэг төдий байлгахын төлөө ард түмэн сонгодоггүй юм.
Шударга ёсыг хамгаалж, төрийн эрх мэдлийг хянах ба тэнцвэржүүлэх, үндсэн хуулийн зарчмаар ардчилалыг хамгаал гэж нийт иргэдийн саналаар МУ-ын ерөнхийлөгчийг сонгодог юм.
Ерөнхийлөгч надтай тэмцэхийн оронд ядуурал, ажилгүйдэл, цар тахалтайгаа тэмцэж, ард түмнийхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээчээ гэж олонхын бүлгийн гишүүдэд захья, анхааруулъя.
Та бүхэн алдаа завхралаа засаж, залруулахгүй бол төрийн тэргүүний хувьд бүх нийтийн ард түмнээрээ энэ асуудлыг хэлэлцүүлж, дараа дараагийн арга хэмжээг авах болно” хэмээв.