Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж нийт 22 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.
Сүүлийн үед коронавирусийн халдварт цар тахлаас үүдэж банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-уудын зээлдэгчдийн зээлийн эргэн төлөлт удааширч, салбарын үйл ажиллагаа доголдохын зэрэгцээ дээрх байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх боломжгүй байдал үүссэн байна.
Иймд өнөөдрийн хуралдаанаар ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулахаар шийдвэрлэжээ.
Бусад шийдвэрлэсэн асуудлын хувьд:
- УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолд заасны дагуу зээлийн батлан даалтын хэмжээ, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих журам”-д оруулсан нэмэлт өөрчлөлтийн хэрэгжих хугацааг 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгалаа.
- Хорооны 2018 оны 377 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулж, хувьцаа эзэмшигчдийн хурлыг цахимаар зохион байгуулах харилцааг зохицууллаа. Уг нэмэлт, өөрчлөлтөөр хувьцаа эзэмшигчид орон зайнаас үл хамаарч хувьцаа эзэмшигчдийн хуралдаа цахимаар оролцож, асуулт асуух, саналаа өгөх боломж бүрдэж байна. Тодруулбал, цаг хугацаа, зардлаа хэмнэх, санал тооллогыг баталгаажуулах зэрэг хэд хэдэн давуу талыг хувьцаа эзэмшигч болон компанид нэгэн зэрэг олгох юм.
- Хувьцаа эзэмшигчдийн эрхийг тэгш хангуулах үүднээс цахим хурал зохион байгуулах технологи, программ хангамжид тавигдах шаардлага, хурал зохион байгуулагчийн үүрэг, хувьцаа эзэмшигчийн Хороонд гомдол гаргах эрх зэргийг давхар зохицуулсан. Ингэснээр хувьцаат компанийн үйл ажиллагаа, шийдвэр гаргах явцад оролцож хяналт тавих, мэдээлэл авах боломж сайжирч, хурлын ирц, жижиг хувьцаа эзэмшигчдийн оролцоо сайжрах ач холбогдолтой гэж үзжээ.
- Гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх зөвшөөрлийг тус бүр нэг аж ахуйн нэгжид олгохоор шийдвэрлэлээ.
- Мөн банк бус санхүүгийн гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг, хадгаламж зээлийн хоршооны хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг найм, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дөрөв, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр аж ахуйн нэгж, хоёр хуулийн этгээдэд тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо