УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Төрийг залуу насны аагиар удирддаггүй. Чин сэтгэл, туршлага, дутагдлыг чинь нөхдөг баг хэрэгтэй. Өөрийгөө пальдигуудаар хүрээлүүлвэл магтсаар байгаад улс төрийн насыг чинь багасгана. Бид ч талбайд гарсан. Тэр үед цахилгаан тасалж, микрафоныг нь хааж новшроогүй шүү дээ. Шинэ үе үгэнд хууртахаа больсон. Бид сонгуулиар 65-уулаа гарч ирсэн. Бидэнд өгсөн итгэлийг зүтгэлээр хариулах ёстой. Улс төрийн үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хүн биш хууль засагладаг төртэй байхыг хүсэж байна гэдэг таны үгэнд баяртай байна. Манай улсад төрийн өмчийн 1150, орон нутгийн өмчит 4862 нийт 6012 байгууллага байна. Эдгээрт 250 мянга орчим хүн ажиллаж байна. Нийт 64 их наядын хөрөнгө бүртгэлтэй байгаагаас 35 их наяд нь өр төлбөр байна. Төрийн байгууллагын хөрөнгийн талаас илүү нь өр төлбөр байгаа юм. Төрийн өмчит хэдэн компани байгааг Засгийн газраас асуугаад гурван сар хариугаа авч чадсангүй. Төрийн өмчийн компаниудын ажилчдын цалингаас гадна урамшуулал өгч байна. Төрийн өмчит компанийн засаглалыг хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг хэзээ оруулж ирэх вэ?
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Хувийн хэвшлийн 30 хүний хийх ажлыг төрийн өмчит байгууллага 100 хүнээр хийх гэдэг байдал өнөөдрийг хүртэл байсан. Энэ асуудлыг анхаарахгүй бол болохгүй.