Архангай аймгийн Онцгой байдлын газраас Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, тухайн онд дэвшүүлсэн зорилт арга хэмжээний хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж “Тэргүүний байгууллага”-аар шалгарлаа.
Өнгөрсөн онд алба хаагчид аймгийн хэмжээнд тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 94 удаагийн дуудлагаар 154 хүний амь нас, 4.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Байгууллагын хэмжээнд ISO-9001:2015 “Чанарын менежментийн тогтолцоо- шаардлага”, ISO-45001:2018 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо-шаардлага” стандартуудыг нэвтрүүлснээр орон нутгийн төрийн байгууллагуудаас олон улсын стандартыг нэвтрүүлсэн хоёр дахь байгууллага боллоо. Энэ хүрээнд алба хаагчдын албан тушаал бүр дээр нь ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийж, алба хаагчдын ажилдаа хандах хандлагыг өөрчлөх, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Мөн Монгол Улсын Шадар Сайдын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан “Боловсролын байгууллага”-д Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, стандарт, норм нормативийн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 57 боловсролын байгууллагад тойм судалгааг гамшгийн төрөл тус бүрээр хийлээ.
Мөн коронавирусын халдвар орж ирсэн үед тархах эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хэсгийг байгуулан хоёр түргэвчилсэн үнэлгээ , зургаан удаагийн явцын үнэлгээг хийж ажиллалаа гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.