Улаанбаатар хотоос Ховд аймаг руу өчигдөр (2021.01.26) 45 хүнтэй ирсэн нийтийн тээврийн автобусны зорчигчдоос Дарви сумын постон дээр түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад хоёр зорчигчийн хариу эерэг гарсан. Дээрхи иргэд нэг гэрт амьдарч байсан эгч дүүс бөгөөд шинжилгээ түргэвчилсэн оношлуураар эерэг гарч сорьцыг БОЭТ-ийн лабораторид авчран PCR-ийн шинжилгээ хийхэд мөн эерэг гарсан байна.
Дээрх зорчигчид 2021 оны нэгдүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод PCR шинжилгээ өгч, 24-нд хариу нь сөрөг гарсан байна. Дээрх 45 зорчигчийг Дарви суманд тусгаарласан бөгөөд өнөөдөр тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хот руу буцаах шийдвэр гаргажээ.
Болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс 1 дүгээр сарын 26-ны 20 цагаас 29-ний 00:00 цаг хүртэл Ховд аймгийн нутаг дэвсгэрээс гарах, орох хөдөлгөөнийг түр хязгаарлалаа.
Халдвартай болон хавьтагч иргэд /автобусны жолооч, зорчигчид/ нийт 41 хүнийг Дарви суманд тусгаарлалтад байлгасан ба тэдгээр иргэдийг 1 дүгээр сарын 27-ны өглөө Дарви сумаас тусгай машинаар гаргасан маршрутын дагуу нисэх онгоцны буудал руу авч ирж, мөн өдрийн өглөө Улаанбаатар хот ХӨСҮТ-рүү тусгай үүргийн онгоцоор журмын дагуу тээвэрлэхээр бэлтгэл ажлаа бүрэн хангаж, ажлын хэсэг байгуулах ажээ.
Хот хоорондын нийтийн тээврээр зорчиж буй иргэдээс халдвар илэрч байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хаагаад байна. Өөрөөр хэлбэл аймгуудын иргэдээ татан авах ажлыг бүрэн зогсоолоо.
Л.Баяр