Засгийн газар вакцин худалдан авах Ажлын хэсгийг байгуулж, Сангийн сайдаар ахлуулан ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар эхний ээлжинд -70 градуст хадгалах “Pfizer” вакциныг нийлүүлбэл Монгол Улс 1 сая 847 мянган тун, -20 градуст хадгалах “Moderna” вакцин нийлүүлэхэд 2 сая 358 мянган тун, “AstraZeneca” вакцин нийлүүлэхэд 2 сая 516 мянган тунг хүлээн авах бэлэн байдлыг хангаад байгааг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Хүрэлбаатар мэдээллээ.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэх үеэр дээрх мэдээллийг өгсөн байна.
Вакцинжуулалтын төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тохиролцоод байна
Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Хүрэлбаатар хэлэлцүүлгийн үеэр хийсэн танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас Коронавируст /КОВИД-19/ цар тахалтай тэмцэх, тахлаас урьдчилан сэргийлэх, вирусын халдварыг оношлох, эмчлэх зэрэг эрсдэлийг бууруулахад шаардлагатай цар тахлын вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулж, худалдаанд гармагц Монгол Улсад импортлох, ард иргэдээ вакцинжуулах чиглэлээр шаардлагатай бэлтгэл ханган ажиллаж байгааг дурдаад Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол Улсад КОВИД-19- аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт санхүүжилтээр вакцинжуулалтын төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тохиролцоод байна гэв.
Вакцинжуулалтын төслийн хүрээнд нийт хүн амын жар (60%) хүртэл хувийг хамруулахад хүрэлцэхүйц вакциныг худалдан авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, улс орон даяр түгээх, хянах зэрэг хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлэх юм.
Үүнээс гадна энэхүү КОВИД-19 вакцин нь өөрөө шинэ төрлийн дархлаажуулалтын бэлдмэл учир тарилга хийх заалт, тарилгын дараах илэрч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтын хамралтын түвшинг үнэлэх, хянах, дэмжлэгт хяналт хийх зэрэг арга хэмжээг авахад нийт 8000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, нэгдсэн сургалт, мэдээлэл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Олон улсын хөгжлийн ассоциациас олгох энэхүү хөнгөлөлттэй зээлийн ашигласан үлдэгдэлд тооцогдох зээлийн хүү жилийн 1.25, үйлчилгээний хураамж 0.75, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь тус тус байна гэжээ.
Вакцинжуулалтын төслийн хүрээнд нийт хүн амын жар (60%) хүртэл хувийг хамруулахад хүрэлцэхүйц вакциныг худалдан авна
Ажлын хэсэг КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийлүүлэх, вакцин үйлдвэрлэгчидтэй шууд харилцаж, гэрээ хэлэлцээр хийн худалдан авалт хийх болон бусад улс оронтой хамтрах гэсэн гурван чиглэлээр ажиллаж байгаа юм байна.
КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс эхний ээлжинд хамрагдах нийлүүлэлт хийхэд шаардлагатай бүх бичиг баримтаа өгсөн. Энэ хөтөлбөрийн хүрээнд“Pfizer” вакцин нийлүүлэгдэнэ. Харин хамтран ажиллах хүрээнд хэд хэдэн улстай вакцин худалдан авахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Англи улсын буюу Бүгд Найрамдах Энэтхэг улсад үйлдвэрлэж байгаа “AstraZeneca” вакциныг худалдаж авахаар бүх бэлтгэл ажлаа хийсэн. Мөн БНХАУ-д ч вакцин худалдаж авах хүсэлтээ илэрхийлэхэд нааштайгаар хүлээн авч тодорхой хувийг үнэ төлбөргүйгээр өгөхөө мэдэгдснийг дурдаад бусад вакцины талаар судалж, хамтын ажиллагааны хүрээнд ажиллаж байгаа аж.
“Монгол Улсад КОВИД-19- аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт санхүүжилтээр вакцинжуулалтын төслийг хүрээнд вакцин худалдан авахад 19сая, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн шинэчлэлтэд 13 сая, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, нэгдсэн сургалт, мэдээлэл олгох үйл ажиллагаанд 7 сая, вакцин хадгалах хөргүүр, нэгдсэн төвийн өргөтгөл, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээнд 1,5 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс