Оскар 2021 наадмын “Гадаад хэл дээрх шилдэг кино” нэр төрөлд найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” киног нэр дэвшүүлэх болсон талаар hollywoodreporter мэдээлжээ.
“Алтан судал” кино нь Берлиний кино наадмын үзэгчдэд анх хүрсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 12-нд монголд нээлтээ хийхээр төлөвлөж байсан ч цар тахлын улмаас хойшилсон юм.
Германы “Basis Berlin” кино компанийн бүтээл “Алтан судал” киноны ерөнхий найруулагчаар “Ингэн нулимс”, “Шар нохойн там” зэрэг киногоороо алдартай найруулагч Д.Бямбасүрэн, туслах найруулагчаар Д.Батцэцэг ажилласнаас гадна жүжигчин Н.Ялалт, Т.Энэрэл, Б.Бат-Ирээдүй нар гол дүрд нь тогложээ. Түүнчлэн тус уран бүтээлд Герман, Австрали, Араб, Монгол зэрэг олон улсын уран бүтээлчид хамтран ажиллажээ.
Оскарын 93 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчдийг гуравдугаар сарын 15-ны өдөр зарлаж, ёслолыг дөрөвдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ. Академийн гишүүд хоёрдугаар сарын нэгнээс тавны хооронд нэр дэвших кинонуудыг сонгох бөгөөд энэ жил гадаад хэл дээрх шилдэг кинонд 15 бүтээл нэр дэвших юм байна.
Л.Баяр