-PepsiCo-д ажиллах юм уу зарах нь Филиппинд гутамшигт тооцогддог-
Энэ түүх Филиппинд 1990-ээд оны эхээр тохиосон юм. Уг үйл явдлын үр дүнд PepsiСo компани олон саяын алдагдалд орж, шүүхийн хэдэн мянган нэхэмжлэл дагалдаж, нутгийн иргэд брэндэд таагүй ханддаг болж эхэлжээ. Филиппинд PepsiCo-д ажиллах юм уу ундааг нь зарахыг шившигт явдал гэж ярьцгаадаг аж. Тэгвэл юунаас болоод дэлхийн брэндэд дургүй болов?
1992 онд PepsiCo-гийн Филиппин дэх салбарын удирдлагууд худалдаагаа нэмэгдүүлэхээр шийдэж, хийжүүлсэн ундааныхаа тагны дотор талд 3 оронтой тоо байршуулан, азтан нь 100-1 сая филиппин песо хожих зар сурталчилгааны арга хэмжээ зохион байгуулжээ.
Тухайн үед Филиппинд дундаж цалин 1650 орчим песо байсан гэдэг. Өөрөөр хэлбэл гол шагналын эзэн нь дундаж филиппин иргэний 50 жилийн турш хөдөлмөрлөөд олох орлогыг авна гэсэн үг. Мэдээж үүнийг дагаад ундааны худалдаа огцом өсөлгүй яах вэ. Хэдийгээр шагнал хожих боломж өчүүхэн ч гэлээ олон хүн хийжүүлсэн ундааг эцсийнхээ мөнгийг шавхан худалдан авч эхэлсэн байна. Тэгээд ч гайхамшигт итгэдэг зан ямар үндэстэн бэ гэдгээс шалтгаалах биш.
Үнэлгээ ёсоор Pepsi, Mountain Dew, 7 Up зэрэг сугалаанд оролцсон хийжүүлсэн ундааны борлуулалт хэдхэн долоо хоногийн дотор огцом өсөж, Филиппиний зах зээл дээрх компанийн бүтээгдэхүүний эзлэх хувь 25% болжээ. Үйлдвэр нь үйлдвэрлэл, ажилчдынхаа тоог өргөтгөх, нэмэлт ээлж гаргахаас өөр аргагүй болж, удирдлагууд нь олз омог нь нэмэгдэж байгаад таатай байлаа.
Түүнчлэн тэрхүү аймшигт өдөр болох хүртэл 18 хүн 1 сая песо авчихсан, нутгийн саятнуудын түүх орон даяар цацагдаж, шинэ шинэ хэрэглэгчдийг улам л татсаар байв. PepsiСо энэ үйл ажиллагааг явуулахад 50 сая песо төсөвлөчихсөн, маадгар сууж байв.
Гэтэл гайт тэр өдөр 1992 оны тавдугаар сарын 25-нд тохиожээ. Цэнхэр дэлгэцээ ширтэн азтан болохыг хүлээн суусан 65 сая гаруй хүн гайхамшигт 349 гэх тоог азын тоо хэмээн сонсож гэнэ. Сонсоод зогсохгүй баярласан хүмүүс өч төчнөөн байв. Зарим нь бүр хоёр ийм тоотой бөглөөтэй байсан аж.
Хожим нь тогтооход хожлын тоог үйлдвэр хоёр удаа хэвлэх ёстой байтал 600 мянган удаа хэвлэжээ. Маргааш өглөө нь Pepsi-гийн оффис руу ялагчдын цуваа дайрч, эхэндээ баярлалдаж байсан бол удалгүй сүрдүүлэг, заналхийлэл болон хувирчээ.
Ийм их хэмжээний мөнгө төлж чадахгүй нь нэгэнт ойлгомжтой болсон компанийн удирдлагууд гарц эрэлхийлж, Филиппиний Худалдааны яаманд хандаж, алдаа гарсан гэдгийг тайлбарлах гэж, шагналын хэмжээгээ бууруулах гэж хүртэл оролджээ. Мэдээж огцом баярласан хүмүүс үүнд уурсах нь зүйн хэрэг. Үүний улмаас компанийн хийжүүлсэн ундаа ачсан машинууд цагдаагийн хамгаалалттай явдаг болж, компанийн удирдлагуудын амь нас дээсэн дөрөөн дээр ирэв.
Эцэс сүүлдээ мөнгөө авч чадаагүй саятнууд компаниас 500 песо авахаар болж, шүүхэд ханджээ. PepsiСо үүнд 240 сая песо зарцуулсан нь сугалаанд төсөвлөснөөс 5 дахин их тоо болжээ. Түүнчлэн шүүхийн шийдвэрээр хамтарсан нэхэмжлэл гаргасан мянган филиппинд 10 сая песо өгөх хэрэгтэй болжээ. Гэвч Филиппиний дээд шүүхээс 10 жилийн дараа энэ компанийг буруугүй гэж үзсэн байна.
Тэр цагаас хойш Pepsi-гийн үйлдвэрлэгч Филиппинд ундаагаа чимээгүйхэн зарж, сурталчилгаа явуулахаа зогсоожээ. Харин нутгийн иргэдийн дунд “349” гэдэг хууран мэхлэлтийн тоо болон үүрд үлджээ.