Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигатай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Шүүхийн тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчилсэн хориг тавиад байна.
Авлигатай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн хориг тавих болсон үндэслэлүүдийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир дараах байдлаар тайлбарлаж байна.
Тэрбээр “2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцэд нэгдэн орсон. 2006 онд УИХ Авлигын эсрэг хуулийг баталж, 2007 оны нэгдүгээр сард Авлигатай тэмцэх газрыг байгуулсан байдаг. Тухайн үед цагдаагийн байгууллага нь авлигатай тэмцэх үйл хэрэгт хангалттай ажиллаж чадахгүй байгаа болон Цагдаагийн ерөнхий газар нь Засгийн газрын агентлаг тул хараат бусаар ажиллаж чадахгүй байгаа зэрэг үндэслэлээр хөндлөнгийн хараат бус байгууллага болох АТГ-ыг байгуулсан байдаг.
Мөн Авлигын эсрэг хуулийг хэлэлцэж байхдаа АТГ-ын даргыг УИХ-аас томилдог байх санал гарсан ч УИХ бол ялсан намын гишүүдээс бүрддэг тул нэг намын хараат байдлыг үүсгэх магадлалтай. Иймд саналыг Ерөнхийлөгч оруулж, УИХ-аас томилдог байя хэмээн хуулийг баталсан. Гэвч саяхан УИХ-аас ЕТГ-т ёсчлон ирүүлсэн хуулийн төсөлд Ерөнхий сайд АТГ-ын даргыг шууд томилдог байхаар тусгасан байгаа нь тухайн үед ярьж байсан бодлого, үнэт зүйлээсээ ухарсан үйлдэл гэж үзэж байна. Түүнчлэн АТГ-ын дарга, дэд даргыг УИХ-ын нийт гишүүний гаргасан саналаар Ерөнхий сайд томилдог болохоор өөрчилснөөр авлигатай тэмцэж чадахгүй гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.
Авлигатай тэмцэх газар нь хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага байхаар хуульчилсан. Гэвч дээрх хуулийн дагуу АТГ нь Засгийн газрын агентлаг төдий, бүтэц бүхий байгууллага болохоор байна” гэв.
Н.Батаа