Эх сурвалж: Өнөөдөр сонин / Бэлтгэсэн: Г.Равжаа
Төрийн банкны удирдах албан тушаал хашиж байсан хүмүүс албан тушаалаа урвуулан ашиглаж, БНХАУ-ын “Шинжан шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн зээл олгосон хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэж, гэм буруутай албан тушаалтнуудад ял шийтгээд буй. Тодруулбал, тус банкны ерөнхий захирлаар ажиллаж асан Д.Баярсайхан 2016-2017 онд тус банкны Зээлийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байхдаа 2017 оны зургадугаар сарын 23-нд 55/01 дугаартай шийдвэр гаргаж, БНХАУ-ын “Шинжан шинфан” компани, түүний захирал ажилтай Сун Гуан Чинд 20 тэрбум төгрөгийн зээлийг зургаан сарын хугацаатай олгосон. Эргэн төлөгдөх хугацаа 2017 оны арванхоёрдугаар сарын 22-нд дууссан ч тус компани зээлээ төлөөгүй. Уг зээлийг олгохдоо Д.Баярсайхан Банкны тухай болон өөр нэг бус хууль зөрчсөн гэж буруутайд тооцсон. Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны арванхоёрдугаар сард уг хэргийг хэлэлцээд Төрийн банкны захирал Д.Баярсайханыг албан тушаалаа урвуулан ашигласан гэж дүгнэн, нийтийн албан тушаал эрхлэх эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, хоёр жил хорих ял оноосон юм.
Харин тус банкнаас зээл авсан “Шинжан шинфан” ХХК-ийн захирал Сун Гуан Чинийг мөн хугацаагаар хорихоор болсон билээ. Зарим мэдээллийн хэрэгслээр хэдэн сарын өмнө БНХАУ-ын иргэнийг сулласан тухай мэдээлэл цацагдсан нь ташаа бөгөөд тэрбээр ШШГЕГ-ын харьяа Амгалан дахь хорих ангид ял эдэлж буй юм. Тэрбээр анхан шатны шүүх хурлын үеэр Төрийн банканд учруулсан хохирол болох 20 тэрбум төгрөгөө хүүгийн хамт төлсөн байдаг.
Гэвч тус банкнаас Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжан шинфан” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 15.9 тэрбум шахам төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Уг нь тус компанид 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 20 тэрбум төгрөг зээлүүлсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийн асуудлыг эрүүгийн шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Төрийн банкны удирдлагын албан тушаалаа урвуулсан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн гэсэн үг. Нэгэнт төлөгдсөн хохирлын хүүг шаардаж, Төрийн банкнаас нэхэмжлэл гаргасан нь зүйд нийцэхгүй баймаар. Харин тус банкныхан “Шинжан шинфан” компаниас хууль ёсоор олох ёстой байсан орлогоо нэхэмжилбэл илүү зөв болох талаар хэлэх нэгэн ч байна. Өөрөөр хэлбэл, өөр төсөл, арга хэмжээг санхүүжүүлсэн бол 15.9 есөн тэрбум төгрөг хүүнд нь олох ёстой байсан гэсэн утгатай нэхэмжлэл гаргасан зөв болох байж. Иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага нь зөв байж, түүнийгээ баталж чадвал өөрийнхөө талд шийдвэрлүүлж чаддаг. Буруу үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан тохиолдолд шүүх хангадаггүй. Тэгэхээр “Шинжан шинфан” компаниас 15.9 тэрбум төгрөг гаргуулах Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд хангаагүй юм билээ.