АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден улс орондоо цар тахалтай тэмцэхийн тулд Үндэсний нэгдсэн стратеги болосруулж, энэ дагуу нийтдээ 10 зарлиг захирамж гарган гарын үсэг зурсан байна.
Энэ нь хүн амыг яаралтай вакцинжуулалтад хамруулах, түргэн оношлогоо, халдварын шинжилгээг хүртээмжтэй байлгах, сургууль байгууллагын үйл ажиллагааг нээх чиглэлд ханджээ. Түүнчлэн Байден олон нийтийн газарт зайлшгүй амны хаалт зүүхийг журамласан байна.
Жо Байден энэ талаар мэдэгдэхдээ: -Бид хүн амын дунд хурдацтай тархсан COVID-19 коронавирусний цар тахлын дэгдэлтийг таслан зогсооход чиглэгдсэн шаардлагатай бүхий л алхмыг цаг алдалгүй авч ажиллах шаардлагатай гэдгийг онцолжээ. АНУ-ын ерөнхийлөгч Байден Цагаан ордонд ажлаа эхлүүлсэн эхний 100 хоногтоо багтааж улсынхаа 100 сая иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөж байна.
Америкийн Халдварт өвчин судлалын төвийн тэргүүн, доктор Энтони Фаучи ерөнхийлөгч Байдентай цар тахлын эсрэг хамтарч ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлжээ. Тэрээр өмнөх төрийн тэргүүн Трамптай энэ тал дээр хэл амаа олж, хамтарч ажиллахад хүндрэлтэй байсныг тэмдэглэж, Цагаан ордны шинэ засаг захиргаа цар тахлын асуудалд анхаарлаа бүрэн хандуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн байна.
АНУ нь ДЭМБ-ын жагсаалтыг цар тахлын халдварын тоогоороо тэргүүлж, өнөөдөр энэ улсад коронавирусний 25 сая халдварын тохиолдол бүртгэгдэн, 400 гаруй мянган хүн амь насаа алдаад байгаа юм. Байдены боловсруулсан цар тахлын эсрэг Үндэсний стратегийн бодлогыг энэ улсын сенат хэлэлцэн дэмжих учиртай.
Э.Март