Өнөөдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд нарт холбогдох хэргийг Дээд шүүхэд хэлэлцлээ.
Н.Номтойбаярыг анхан болон давж заалдах шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасаж таван жил таван сар хорих ял оноож байсан юм.
Тэгвэл шүүгчдэгч Н.Номтойбаярт оногдуулсан 5 жил 5 сарын хорих ялыг нэг жил болгон хөнгөрүүлж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хаслаа.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын /ХНХ/ сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, 2017 оны гуравдугаар сард тогтоол гарган, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот нэгж төслийн төсөвт өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталсан. Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал, мэргэжилтэн Н.Баттөгс зэрэг хүмүүс хамтран төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал нэг ч удаа болоогүй байхад хийсэн мэтээр баримт бүрдүүлэн түүнд багтсан гишүүдээр гарын үсэг зуруулж, найман иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон хэрэгт гэм буруутайд тооцсон билээ.
Л.Баяр