Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийн хүсэлтээр огцрох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд ерөнхийлөгч жагсаалыг улстөржүүлсэн нь батлагдвал хариуцлага тооцох асуудлыг би тавих болно гэдгээ мэдэгдэв.
Тэрбээр “Нэлээн халуун ярилцлага болох нь гэсэн хүлээлттэй байлаа. МУ-ын Ерөнхийлөгчөөс асуух асуулт байлаа. Энэ хурал их чухал ач холбогдолтой, Монгол төрийн түүхэнд тэмдэглэгдэж үлдэх хурал болох байлаа. Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нар хоёр өөр байр суурьтай болчихлоо. Нэг нь огцоръё, нөгөөх нь “Үгүй ээ, чи байх хэрэгтэй” гэж байна. Энэ чинь юу гэсэн үг вэ? Тиймээс цаашдаа тодорхой байя.
Ах нар аа, та нар 30 жил засагласан. Маш олон буруу зүйл хийсэн. Өнөөдөр зарим нэг нь хариуцлагаа хүлээе гэж байгаа бол хүлээж авч болно оо.
Өчигдрийн жагсаал бол нийгэмд өөрчлөлт, шинэчлэлийн салхийг салхилуулсан үйл явдал боллоо. Монголд ардчилал, шинэчлэл, хүний эрх эрх чөлөөг хамгаалж болох юм байна, залуу үе маань үүнийг авч явах юм байна гэдэг итгэл өглөө. Урд урдын жагсаалууд хэн нэгний захиалгаар болдог байсан бол энэ удаа залуучууд итгэл үнэмшлээрээ гарч ирлээ. Энэ бол маш сайн зүйл, нийгмийн буруу тогтолцооны идээ бээрийг хагалж байна. Зөвхөн дарга нарыг сольсноор асуудал шийдэгдэхгүй. Систем нь буруу байна гэдгийг илэрхийлсэн үйлдэл болов.
Жагсаалыг далимдуулж Ерөнхийлөгч улс төрийн үйл ажиллагаа явуулсан гэж Ерөнхий сайд маш тодорхой мэдэгдлээ. Хэрэв Ерөнхийлөгч жагсаалыг үймүүлсэн, улс төржүүлсэн нь батлагдвал Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлэх, хамгаалах Үндсэн хуулийн үүргээ зөрчсөн гэж үзэж ХҮН-ын даргын хувьд хариуцлага тооцох асуудлыг би өөрөө тавих болно. ХҮН нам итгэл үнэмшлээрээ жагссан ард түмний үнэт зүйлийг ийм эрхтэн дархтануудаас хамгаалах болно” хэмээв.
Н.Батаа