УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн огцрох хүсэлтийг хэлэлцэж байна. Уг асуудлыг хэлэлцэж байгаатай холбоотойгоор УИХ-ын чуулганы хуралдаан дээр ерөнхийлөгчтэй холбоотой хэд хэдэн асуудал хөндөгдөөд байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдааны үеэр “ҮАБЗөвлөл хэзээ ч хууль зөрчиж болохгүй Ерөнхийлөгч өө. Хэрвээ та, бид хууль зөрчвөл Монголын төрд хууль биелүүлдэг газар үгүй болно гэдгийг би удаа дараа сануулж байсан. Монголын төр хууль хэрэгжүүлдэг байх ёстой.
Тэр тусмаа Төрийн тэргүүн, Ерөнхий сайд болон гүйцэтгэх засаглалынхан Монголын парламентаас гарсан хууль тогтоомжийг ягштал биелүүлэх ёстой. Төрийн ажлыг хувийн ажил болгож болохгүй” хэмээн Ерөнхийлөгчид хандаж хэлсэн юм.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Нямбаатар ч гэсэн мөн ерөнхийлөгч Х.Баттулгаас шахалт ирж байсан талаар хэллээ. Тэрбээр “Ерөнхийлөгчийн зүгээс Шүүхийн тухай хуулийг тат гэдэг шахалтыг хууль санаачлагчийн хувьд надад ирүүлж байсан. Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт шүүгч ирж, хэнд хэдэн жилийн ял өгөх вэ гэдэг даалгавар авдаг байдлыг таслан зогсоохын тулд Ерөнхийлөгчийн шахалтыг биелүүлээгүй.
Өчигдрийн болсон үйл явдал бол ард түмний эвлэлдэн нэгдэх үг хэлэх эрхээ эдлэх жагсаал байсан. Харамсалтай нь сүүлдээ энэ жагсаалыг улс төрийн зорилгоор ашиглаж, үндэсний эв нэгдлийг сарниулах тодорхой үйл явдал болсон гэдгийг ХЗДХ-ийн сайдын хувьд хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэх үүргээ умартсан Ерөнхийлөгчийн асуудлыг УИХ цаашид авч хэлэлцэх нь зүйтэй гэж бодож байна” гэв.
Н.Батаа