Хүний эрх шаардсан энгийн иргэдийн жагсаал улстөржилт болж, эцэстээ хариуцлага нь байгаа оноогүй талаар иргэдийн зүгээс өнөөдөр цахим хуудсанд байр сууриа илэрхийлж эхлээд байна. Өчигдөр сүхбаатарын талбай дээр иргэд олноороо цуглаж, УОК-ыг огцрохыг шаардаж эхэлсэн.
УОК-ын дарга Я.Содбаатар болон Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар ч иргэдийг бухимдуулсандаа уучлалт гуйж, огцрох өргөдлөө Ерөнхий сайдад өгөх болно гэдгээ мэдэгдсэн юм.
Я.Содбаатар огцрох өргөдлөө өгөхдөө “Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж УОК-ын удирдлага огцорч байна. Өчигдрийн үйл явдалд гүнээ харамсаж, чин сэтгэлээсээ мэдэгдэл гаргасан юм. Шууд миний хариуцаж байсан асуудал биш ч гэлээ хүнлэг бус, сэтгэлгүй хүмүүс монголын төрд цөөн ч гэсэн байгаад харамсаж байна. Хариуцлагатай албанд томилсон Монгол Улсын Ерөнхий сайд, нийт ард иргэдээсээ уучлалт хүсэж байна. Хариуцсан салбар, даалгасан ажлыг чин сэтгэлээсээ зүтгэж гүйцэтгэлээ. COVID-19 цар тахлыг дотооддоо алдалгүй 10 сарыг бид өнгөрөөсөн. Үүний 5 сар нь шинэ Засгийн газрын ажил байсан. Алдаатай оноотой ч COVID-19 цар тахлын эсрэг тэмцсэн миний тэмцэл, манай багийн тэмцэл стратегийн том алдаа гаргаагүй гэдгийг цохон тэмдэглэе. Бид дэлхийд COVID-19 цар тахалтай хамгийн амжилттай тэмцэж буй таван улсын нэг болж байгаа.
Тун удахгүй COVID-19 халдварын вакциныг оруулж ирж бүх ард иргэдээ дархлаажуулна.
Энэ хүнд цаг үед галын фронтод ажилласан эмч ажилтнууд, мэргэжлийн хяналт, онцгой, тагнуул, орон нутгийн онцгой комисст Монгол Улсын Засгийн газар, УИХ-д бас хамтран ажилласанд талархаж байна.
Албан тушаалаасаа огцорч байгаа өргөдлөө өнөөдөр хуулийн дагуу Ерөнхий сайдад хүргүүлж байна. Хуулийн дагуу шийдвэрлэх байх гэж бодож байна. Дахин нийт ард иргэдээсээ уучлал хүсэж байна” гэж хэлж байсан юм.
Харин Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас ард иргэдээ сэргийлэхийн тулд хоёргүй сэтгэлээр зүтгэлээ. Үүний үр дүнд өнгөрсөн хугацаанд халдварын дэгдэлтийг хохирол багатайгаар даван туулсан. Эрүүл мэндийн салбарт олон жил бугшсан буруу тогтолцоог өөрчлөхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажиллалаа. Тодорхой үр дүн гарсан.
Эрүүл мэндийн салбарт 57 мянган ажилтан бий. Хэдхэн хариуцлагагүй хүний үйлдлээс болж, нийт салбарынхны хүчин зүтгэлийг үгүйсгэж болохгүйг хэлмээр байна. Эрүүл мэндийн сайдын хувьд албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад уламжлах болно” гэж байр сууриа илэрхийлсэн юм.
Яг одоогийн байдлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцрох санал оруулж, МАН-ын удирдах зөвлөл дэмжиж, УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэхээр болсон тухай хэвлэлүүд мэдээлж эхлээд байна.
Гэхдээ МАН-ын зүгээс ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. Харин одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах гэж байгаа бөгөөд чухам ямар асуудлаар хуралдаж байгаа нь тодорхой биш байна. Ямартай ч улстөрд өрнөж байгаа аливаа мэдээлэл нь таамаг төдий мэдээллүүд байгаа бөгөөд албан ёсны мэдээллүүд гарч эхлээгүй байна.
Н.Батаа