Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу Үндэсний статистикийн хорооны даргыг Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаагаар томилдог. Энэ дагуу Батмөнхийн Батдавааг тус хорооны даргаар томилуулах саналаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Нэр дэвшигч Б.Батдаваа нь 1984 онд төрсөн, 2002 онд ерөнхий боловсролын сургууль, 2007 онд Тайванийн Минг Чиуны их сургууль, 2012 онд Люксембургийн их сургуулийг тус тус төгссөн. 2007-2012 онд Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газар, Валют, эдийн засгийн газарт нягтлан бодогч, эдийн засагч, нөөцийн мэргэжилтэн, дилер, ахлах мэргэжилтэн, ахлах дилер, 2013-2016 онд Төлбөрийн тэнцлийн статистикийн судалгааны хэлтсийн захирал, 2016-2019 онд Гадаад валютын нөөцийн удирдлагын хэлтсийн захирал, Зах зээлийн газрын захирал, 2019 оны 2 дугаар сараас Судалгаа, статистикийн газрын захирлаар ажиллаж байгаа аж.
Б.Батдаваа нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан тушаал тавигдах нийтлэг шаардлага, “Үндэсний статистикийн хорооны дарга, дэд даргыг томилохдоо түүний эдийн засаг, статистик, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагыг харгалзана” гэсэн Статистикийн тухай хуулийн шаардлагыг хангаж байгаа тул дээрх албан тушаалд нэр дэвшүүлж буйгаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулгадаа дурдав.
Мөн Үндэсний статистикийн хорооны даргыг томилох асуудлыг Эдийн засгийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Нэр дэвшигчийн талаарх танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Л.Энх-Амгалан, О.Цогтгэрэл, Т.Доржханд нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.1 хувь нь дэмжсэнээр Б.Батдавааг Үндэсний статистикийн хорооны даргаар томилов. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.