Үүссэн нөхцөл байдалтай уялдуулж УОК-ын удирдлага огцорч байна гэдгээ шадар сайд Я.Содбаатар хэвлэлийн хурлаар мэдэгдлээ.
Тэрбээр “Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж УОК-ын удирдлага огцорч байна. Өчигдрийн үйл явдалд гүнээ харамсаж, чин сэтгэлээсээ мэдэгдэл гаргасан юм. Шууд миний хариуцаж байсан асуудал биш ч гэлээ хүнлэг бус, сэтгэлгүй хүмүүс монголын төрд цөөн ч гэсэн байгаад харамсаж байна. Хариуцлагатай албанд томилсон Монгол Улсын Ерөнхий сайд, нийт ард иргэдээсээ уучлалт хүсэж байна. Хариуцсан салбар, даалгасан ажлыг чин сэтгэлээсээ зүтгэж гүйцэтгэлээ. COVID-19 цар тахлыг дотооддоо алдалгүй 10 сарыг бид өнгөрөөсөн. Үүний 5 сар нь шинэ Засгийн газрын ажил байсан. Алдаатай оноотой ч COVID-19 цар тахлын эсрэг тэмцсэн миний тэмцэл, манай багийн тэмцэл стратегийн том алдаа гаргаагүй гэдгийг цохон тэмдэглэе. Бид дэлхийд COVID-19 цар тахалтай хамгийн амжилттай тэмцэж буй таван улсын нэг болж байгаа.
Тун удахгүй COVID-19 халдварын вакциныг оруулж ирж бүх ард иргэдээ дархлаажуулна.
Энэ хүнд цаг үед галын фронтод ажилласан эмч ажилтнууд, мэргэжлийн хяналт, онцгой, тагнуул, орон нутгийн онцгой комисст Монгол Улсын Засгийн газар, УИХ-д бас хамтран ажилласанд талархаж байна.
Албан тушаалаасаа огцорч байгаа өргөдлөө өнөөдөр хуулийн дагуу Ерөнхий сайдад хүргүүлж байна. Хуулийн дагуу шийдвэрлэх байх гэж бодож байна. Дахин нийт ард иргэдээсээ уучлал хүсэж байна” гэв.
Н.Батаа