Ийгл ТВ даваа гаригийн орой Өргөө амаржих газраас шууд сурвалжлага хийн коронавирусын халдвартай нь тогтоогдсон дөнгөж төрсөн бүсгүйг нярай хүүхдийнх нь хамт эмнэлгийнхэн дан халаад, өлгийтэй авч яваа дүрсийг нийтэд үзүүллээ. Дөнгөж төрсөн бүсгүй, нярай хоёрт үзүүлсэн энэ хүйтэн хандлага нялх биетэй бүсгүй хүн, нярай үрсээ хайрлан асардаг монголчуудын гайхшийг барж уур уцаарыг төрүүлээд байна. Нярай хоёрыг аваад явж байгаа ХӨҮСТ-ийн түргэний эмч, жолооч, тэднийг өгөөд явуулж байгаа Өргөө амаржих газрын эмч, сувилагч нарт хүн ёсны сэтгэл дутжээ. УОК-оос эхлээд эмнэлгийн удирдлагууд ард иргэдээсээ уучлал хүсэв.
Манай эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилчид ур чадвар сайтай. Коронавирусыг эмчлэх, эдгээх тал дээр ч чадварлаг ажиллаж байгаа. Гадны орнуудын жишээнээс харахад эрүүл мэндийн салбарын ажилчид нь Ковид-19 өвчнөөс айхдаа ажлын байраа хаяад явж байсан бол монголын эрүүл мэндийн салбарынхан Ковидоор өвдсөн ч эдгээд ажлаа үргэлжүүлээд хийж байгаа.
Харамсалтай нь энэ салбарт мөнгө хөөгчид олон болсноор хүнд, өвчтөнд хандах хандлага нь хүйтэрч, зарим тохиолдолд эмчлүүлэгчдэдээ хувь хүний цэвдэг сэтгэлээр хандах болсны нэг жишээ бол энэ. Өргөө амаржих газар болон ХӨСҮТ-ын ажилчдын хандлагаас үүссэн цэвдэг сэтгэл олон нийтийн сүлжээнд цацагдсан даруйдаа иргэдийн уурыг хүргэж, урмыг нь хугалсан нь үнэн.
Гэвч дайны хажуугаар дажин гэгчээр энэ сэдвийг улс төр болгон харж, өөрсдийгөө тэмцэгч хэмээн нэрлэдэг хүмүүс өнөөдөр өглөөнөөс эхлээд Төв талбай дээр гараад ирэв. Зон олны намын дарга гэгдэх С.Эрдэнийн хүү Э.Одбаярын халад, тавчиктай алхалтаар эхэлсэн улс төржилт хүрээгээ тэлж Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа, УИХ дахь Ардчилсан намын гишүүд хүртэл Д.Сүхбаатарын талбай дээр гарч ирж Засгийн газрыг огцруулна гэж улстөржив.
Эрүүл мэндийн салбарын ажилчдын гаргасан цэвдэг сэтгэл улс төржих шалтгаан хүлээж байгаа сөрөг хүчнийхний хувьд бөөн олз байсан гэж хэлж болно. “Загтнасан газар нь маажив” гэдэг шиг улстөржилтийн сургаар поп улстөрч Л.Гүндалай, “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар хүртэл Төв талбайд ирж улстөржив.
Улаанбаатар хот коронавирусын халдварын голомт болоод 2 сар өнгөрч байгаа. Халдвар хаанаас ч тархаж магадгүй байгааг цаг үеийн мэдээнүүд харуулсаар л байгаа. Гэвч эрүүл мэндийн салбараар улстөржилт хийж байгаа популистууд Ковидыг юман чинээ тоосонгүй. Иргэдийг нэг дор олноор нь цуглуулж, халдвар тараах нөхцлийг бүрдүүлэхдээ ч айсангүй. Тэдэнд яг үнэн хэрэгтээ ковидын халдвартай нь батлагдсан хөөрхий бүсгүй сонин биш. -20-30 хэмийн хүйтэнтэй өвлийн орой нялх биетэй бүсгүйг нярай үртэй нь аваад явж байгаа цэвдэг сэтгэлтэй эрүүл мэндийн салбарын ажилчид ч сонин биш.
Попуудад ганцхан олны дунд сэдэв дэгдээж, түүнийгээ дэврээж, өөрсдөө гол дүр болон бүжиглэх нь л чухал байгаа. Өнөөдрийн хувьд тэд энэ хүслээ багахан ч болов гүйцээсэн байх. Гэхдээ тэдний боломж хумигдана. Дараа, дараагийн том жижиг алдаануудаар улстөр хийх тэднийг иргэд, олон нийт хэдийнэ таньдаг болж, олон нийтэд танигдахын тулд нийгмээ талцуулж, асуудалд зөвхөн хувийн сонирхлоор ханддаг болохыг ч таньсан байна.
С.Эгшиг