Хятадад Tianjin Daqiaodo Food Company компани хүнсний бүтээгдэхүүнүүдэд хяналт шалгалт хийх явцдаа 4836 ширхэг мөхөөлдөсний савлагаанаас коронавирус илрүүлжээ. Аюулгүйн үүднээс компанийн 1660 гаруй ажилтныг тусгаарласан байна.
Лидсийн их сургуулийн доктор Стивен Гриффин энэ асуудлаар хүмүүсийг сандарч түгшихгүй байхыг уриалаад, ийм зүйл цөөхөн тохиолддог гэжээ. Эмч мөхөөлдөсний хэсэг бүрт халдвар бий гэсэн айдсаа авч хаях хэрэгтэй гээд бараанд COVID-19 үүсгэгч байгаа нь үйлдвэрийн ажилтнууд эрүүл ахуйгаа баримтлаагүй, тоног төхөөрөмж нь бохир байсан холбоотой байж болзошгүй гэжээ.
Өдгөө халдварын цаад эх үүсвэрийг тодорхойлох шалгалт явагдаж байна. Хятадад хүнсний бүтээгдэхүүнээс коронавирус илэрвэл компанийн ажилтнуудыг тусгаарлах, бүтээгдэхүүнийг устгалд оруулах хатуу арга хэмжээ авдаг. Үүний ачаар тус улс COVID-19 өвчний халдварыг бууруулж чаджээ.