Баруун хойд Английн нэгэн эмнэлгийн эмч нар коронавирусийн халдвараар нас барж байгаа өвчтөнийхөө сүүлчийн хүслийг биелүүлж, шар айраг авчирч өгчээ.
Их Британийн Эрчимт эмчилгээний нийгэмлэгийн хүндэт нарийн бичгийн дарга Шондипон Лаха сэтгүүлчдэд ярихдаа, өвчтөн нас барахынхаа өмнө Ирландын алдарт стаут хэмээх шар айраг уухыг хүссэн гэжээ. Тиймээс эмнэлгийн ажилтнууд шар айргийг авч, амьсгал хураахынх нь өмнө уулгаж амжжээ.
Коронавирусээр өөд болж байгаа хүмүүсийг хүслийг биелүүлсэн цорын ганц тохиолдол энэ биш гэж Лаха хэлсэн аж. Эмч нар өвчтөнүүддээ хөгжим сонсгох, эцсийн амьсгал хураах хүртэл ар гэрийнхнийг нь орлон гарыг нь барих зэргээр хүсэлтийг нь биелүүлдэг байна.
“Эмч нар өвчтөний ар гэрийнхэнтэй утсаар юм уу FaceTime-аар ярих хэрэгтэй болдог. Ихэнхдээ яриа нь бүх зүйл ойлгомжтой болсны дараа эмчилгээг зогсоох тухай байдаг. Ийм зүйл ар гэрийнхэнд нь дуулгахад маш хүнд байдаг” хэмээн Лаха мэдэгджээ. Энэ бүгдээс болоод эрчимт эмчилгээний тасгийн ажилтнууд гүн цочролд ордог байна.