Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын хичээл 2021 оны хоёрдугаар сарын 1-нээс теле хичээлээр эхлэх шийдвэр үргэлжлэхийг Засгийн газрын олон нийттэй харилцах хэлтсийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.
Улсын хэмжээнд коронавирусийн халдварын тархалт зогсоогүй тул теле хичээл хэвээр байх нь. БШУЯ-наас “Хичээл сургалтын үйл ажиллагааг теле болон цахим хэлбэрээр явуулахад бэлэн байгаа” гэв.
Уг яамнаас гуравдугаар сарын 1-нээс сурагчдыг танхимаар хичээллүүлэх саналаа УОК-т даваа гаригт хүргүүлсэн байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд уг саналыг танилцуулахыг хойшлуулжээ.
Улсын Онцгой Комиссын 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Нийслэлийн хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын телевизүүдийн холбоо хамтран теле хичээлийг хуваарь гарган явуулж байна. Харин Их, дээд сургуулийн оюутнуудын амралт хоёрдугаар сарын 15-н хүртэл үргэлжилэх юм.
Б.Эрдэнэ