Нийслэлийн “Өргөө” амаржих газарт амаржаад удаагүй байсан эхээс коронавирусийн халдвар илэрч, улмаар тус иргэнийг ХӨСҮТ рүү н шилжүүлэх арга хэмжээг авсан ба тухайн дөнгөж амаржсан эхийг нимгэн хувцастай машинд оруулж байгаа бичлэг цацагдаж, шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Энэ асуудлаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал тайлбар өглөө.
Тэрбээр “Нэгдүгээр төрөхөд төрсөн эмэгтэйг халдвартай гэдгийг тодорхойлоод тусгаарлах өрөөнд оруулж, хувцсыг нь өмсүүлж, нэг эмнэлгээс нөгөө эмнэлэгт хүргэдэг Эрүүл мэндийн сайдын баталсан дүрэм журмыг мөрдөхгүйгээр дөнгөж амаржсан эхэд гадуур хувцас өмсөхгүй, хүүхдийг нимгэн өлгийтэй зөөвөрлөж тээвэрлэсэн асуудал гарсан. Энэ бүх арга хэмжээнд газрын удирдлагууд, энэ эмнэлэгт ажиллаж байгаа хүмүүс өвчтөнийг хэрхэн шилжүүлэх, амаржих газарт өвчтөн шилжүүлэх бүх дүрэм журмыг зөрчсөн. Нэгдүгээр эмнэлэгт халдвартай өвчтөн тусгаарлах өрөө бий. Тэр өрөөнд байхад нь тухайн эмэгтэйд дулаан хувцсыг өмсгөх боломжтой байсан. Шилжүүлж байгаа болон авч байгаа эмнэлгийн ажил хариуцаж байгаа хүмүүс энэ асуудал сэтгэл гаргаж ажиллах бүрэн боломжтой байсан. Тиймээс хариуцлага тооцож ажиллана. Нийслэлийн өргөө амаржих газар бол харьяаллын дагуу нийслэлийн харьяа байгууллага учраас ЭМ-ийн сайд хариуцлага тооцох боломжгүй. Тиймээс Нийслэлийн Засаг даргад Өргөө амаржих газар болон НЭМГ-ын даргад хариуцлага тооцох талаар албан тоотыг ЭМ-ын сайд хүргүүлсэн.
Мөн ЭМ-ийн сайд өөрт оногдсон эрхийнхээ хүрээнд амаржсан эхийг хүлээн авсан ХӨСҮТ-д шууд хариуцлага тооцож ажиллахаар болсон” гэлээ.
Л.Баяр