УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, шүүгдэгч нарын ялыг өөрчилж торгохоор болжээ. Харин бусад шүүгдэгчдийн хэргийг прокурорт буцаасан байна.
Шүүгдэгч Д. Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27,000,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Болорыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 13,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. …” гэжээ.
2020 оны наймдугаар сарын 27-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх УИХ-ын гишүүүн асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор нарын 7 хүнд холбогдох хэргийн хэлэлцээд, шүүгдэгч Д.Эрдэнэбат, шүүгдэгч Б.Болор нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон. Ингэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр 1 дахь зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 4 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Болорт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 3 жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Л.Баяр