Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр 15 цагийн байдлаар 3,5 -4,5 магнитудын хооронд 4 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн байна.
Газар хөдлөлт болсонтой холбогдуулан нөхцөл байдлыг газар дээр нь үнэлэхээр Хөвсгөл аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Мөнгөнхуягаар ахлуулсан ажлын баг 2 дахь өдрөө Ханх суманд ажилласан байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн сумын Засаг даргын Тамгын газрын байр, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, боомтын барилгуудад үзлэг шалгалт хийсэн. Мөн газар хөдлөлтийн голомт Хороо, Тураг багийн “Ходон”, “Чичин”, “Хачин” гэдэг газруудад очиж малчин иргэдтэй уулзаж нөхцөл байдалтай танилцсан байна.
Хороо баг “Ходон” гэдэг газарт газрыг өнгөн хөрс 5 см орчим зузаантай цууралт өгсөн, 2010 онд ашиглалтад орсон 320 хүүхдийн Ерөнхий боловсролын сургуулийн байрны хамар хананы дүүргэлтэд цууралт үүссэн байна. Иргэн Ренчингийн малын хашаан дотроос ус гарсан бөгөөд ямар нэгэн хохиролгүй, аж ахуйн нэгж болон иргэдэд учирсан хохирол бага, нийт бүртгэгдсэн газар хөдлөлтүүд их бага хэмжээгээр мэдрэгдсэн байна.