УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын багийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Г.Амартүвшин танилцуулсан юм. Тус баг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслийн хэлэлцэх эсэхийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад гишүүдээс гаргасан санал, байр суурийг анхаарч нягтлан ажлын дэд багаас гаргасан саналуудаар санал хурааж шийдвэрлэжээ.
Төслийн анхны хэлэлцүүлгийн шатанд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 23 санал гаргасан байна.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж ажлын баг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 23 саналын томъёоллоор санал хураан шийдвэрлэжээ. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу 4.2 дахь хэсгийг “Банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани хэлбэртэй, бусад банк хувьцаат компанийн хэлбэртэй байна.” гэж, төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу 3.1.20 дахь заалтыг “банкны системд нөлөө бүхий банк” гэж банкны хөрөнгө, өр төлбөрийн хэмжээ, төлбөрийн систем дэх гүйлгээний нийт дүнд эзлэх хувь, банкны үндсэн үйл ажиллагаа, санхүүгийн тогтолцоо дахь хамаарал зэрэг шалгуурыг нэгэн зэрэг баримтлан банкны тогтолцоонд нөлөөтэй гэж Монголбанкнаас тогтоосон банкийг”гэж тус тус өөрчлөн найруулах саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ.
Мөн төслийн 2 дугаар зүйлийн 3.1.12 дахь заалтын “хувьцаа эзэмшигчийг” гэсний дараа “банкны хувьцааны эцсийн өмчлөгчийн эрхийг шууд бусаар хэрэгжүүлдэг этгээдийг;” гэж,” гэснийг “3.1.12.”банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч” гэж банкны хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа этгээд, тэдгээрийн эцсийн өмчлөгч хүн, эсхүл банкны бодлого, шийдвэр болон удирдлагад нөлөөлөхүйц хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч хүнийг;” гэж өөрчлөн найруулахыг дэмжлээ.
Түүнчлэн төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу 36 дугаар зүйлийн 36.3-36.11 дэх хэсгийг өөрчлөн найруулж, дугаарыг өөрчлөх, мөн зүйлийн 8 дахь заалт буюу 27.1.2 дахь заалтыг “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол банк төлбөрийн чадваргүй болсон, эсхүл төлбөрийн чадваргүй болох гарцаагүй нөхцөл байдал үүссэн тухай Монголбанкны шийдвэр гарсан, эсхүл хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээний шаардлагыг биелүүлээгүй бол;” гэж өөрчлөн найруулахаар боллоо.
Түүнчлэн уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх ажлын хэсгийн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын багаас асуулт асууж хариул авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, энэ хуулийн банкны ямар харилцааг зохицуулахыг тодруулав.
Тухайлбал, нэг хувьцаа эзэмшигчийн хувь эзэмших дээд хэмжээг 20 хувиас илүүгүй байна гэж оруулсныг тэмдэглээд, ингэснээр, хувийн банкуудаас гадна Төрийн банк ч энэ шаардлагыг хангах шаардлагатай болно гэдгийг хэллээ. Энэ хүээнд Төрийн банкны 80 хувийг хувьчлах асуудал яригдах байх гэж үзэж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ, банкуудын эзэмшигчдийг зарласнаар эдийн засагт ямар үр дүн гарахыг тодрууллаа.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, энэ хуулиар хэт төвлөрлийг бууруулах бөгөөд өмчийн удирдлагын хяналтын тэнцвэртэй байдлыг бүрдүүлнэ гэдгийг тодотгов. Ингэснээр, системийн нөлөө бүхий банкуудыг хувьцаат компани болгохыг шаардах юм. Төрийн банкыг олон нийтийн банк болгох талаар хугацаатай шаардлага тавьсан. Хувьчлах эсэх асуудлыг Засгийн газар шийднэ гэж зарчмын зөрүүтэй саналд оруулсан хэмээн тайлбарлав.
Банкны тухай хууль батлагдснаар, удирлагын төвлөрлөл буурч эрсдэл багасаж зээлийн хүү буурахын зэрэгцээ тавих шаардлагууд ч тодорхой болж олон улсын жишиг рүү ойртно хэмээн хариулав. Банкны нэг хувьцаа эзэмшигчийн хувь эзэмших дээд хэмжээг 20 хувиар тогтооосон бөгөөд бүх харилцааг Монголбанк хянана гэлээ.
Мөн тэрбээр гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, “Энэ хуулийн үр дүнд хамгийн түрүүнд зээлийн хүү буурч ЖДҮ эрхлэгчдийн дарамтыг багасгана. Банкны нэг хувьцаа эзэмшигч 20 хувиас илүүгүй хувьцаа эзэмших бөгөөд найз нөхөд, хамаатан садан, гэр бүлээрээ эзэмшихгүй байх хяналтыг Монголбанк тавина” хэмээгээд, үүний зэрэгцээ гадны хөрөнгө оруулалт орохоос болгоомжилж буйгаа илэрхийлэв.
Ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин хуульд заасан хугацаатай холбоотой С.Амарсайхан гишүүний асуултад хариуллаа. Тэрбээр, хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжиж эхлэх бөгөөд 2022 оны зургаадугаар сарын 30 хүртэл банкууд компанийн хэлбэрт шилжинэ. Мөн 2023 оны 12 дугаар сарын 31 хүртэл банкны нэг хувьцаа эзэмшигчийн хувь эзэмших дээд хэмжээг 20 хувиас хэтрүүлээгүй байхыг заасан хэмээн тайлбарлав.
Гишүүд асуулт асууж хариулт авах үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хуулийн төслөөр дөрөв хоногийн завсарлага авах горимын саналыг хүлээн авлаа. Ингээд хуулийн төслийн хэлэлцүүлгийг ирэх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр боллоо.
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс