Тэрбумтан Жек Ма хоёр сар гаруйн хугацаанд олны өмнө гарч ирсэнгүй. Тэрбээр Хятадын төр засгийн шүүмжилж, үүнээсээ болоод компанийнхаа IPO-г цуцлуулснаасаа хойш алга болжээ.
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд хэд хэдэн бизнесмэн Коммунист намтайгаа зөрчилдсөнөөс хойш алга болж, бүх хөрөнгөө хураалгаж, тэр ч бүү хэл эрх чөлөөгөө хасуулсан. Үүний дараа энэ улсад түүнийг цаашид юу хүлээж байна вэ.
Alibaba-г үүсгэн байгуулагч Жек Ма олон нийтийн хараанаас алга болсон нь олон нийтийн сүлжээнд янз бүрийн цуу яриа дэгдээж байна. Alibaba-гаас хэдийгээр энэ асуудлаар ямар ч тайлбар хийхгүй байгаа боловч тэрбумтны хаана байгаа нь одоог хүртэл тодорхойгүй байгаа аж.
Хятадын хамгийн баян хүн гэгдэж байсан түүнийг хамгийн сүүлд аравдугаар сарын сүүлчээр Шанхайн дээд хэмжээний уулзалтын үеэр хятадын төр засгийг инновацийг нэвтрүүлэхэд саад болдог тухай шүүмжилснээр гарч иржээ. Сүүлд нь арваннэгдүгээр сарын эхээр Хятадын төр засгаас бизнес эрхлэгчдийг уулзалтад дуудаж, дараа нь Ant Group хэмээх санхүүгийн аварга компанийг нь хувьцаа гаргахаас нь хоёрхон хоногийн өмнө IPO-г нь цуцалсан байна.
Зах зээлийн хяналт шалгалтын газраас Alibaba-г монополын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн хэргээр сэжиглэж, мөрдлөг шалгалтаа эхлүүлсэн гэж мэдэгджээ. Харин Жек Ма өөрөө алга болж, аравдугаар сарын дээд хэмжээний уулзалтаас хойш нэг ч удаа олны өмнө гарч ирсэнгүй.
CNBC сувгийн эх сурвалжийн мэдээлснээр Жек Ма сураггүй алга болоогүй, зүгээр л бүсэн гэжээ.
“Ма өөрийн мэдэгдлээрээ ч, санхүүгийн зах зээлийн бодит нөлөөгөөрөө ч хэтэрхий их савчсан. Тэр саатуулагдсан уу, эсвэл сайн дураараа нуугдсан уу гэдэг нь хамаагүй, ямар ч байсан намд үнэмлэхүй засаглалыг нь харуулахад тус болж байгаа юм” хэмээн Хятадын бодлогоор мэргэшсэн Колумбын их сургуулийн профессор Эндрю Натан ярьжээ.
Тэрбумтан олон нийтийн сүлжээнээс алга болдог нь цорын ганц тохиолдол биш, олон ч ийм зүйл тохиож байсан. Forbes-т бичсэнээр сүүлийн жилүүдэд Хятадын 5-6 тэрбумтан, баян бизнесмэнүүд Коммунист намтайгаа зөрчилдсөнөөс хойш олон нийтийн өмнө гарч ирэхээ больжээ.
Тухайлбал, 2015 оны арванхоёрдугаар сард хөрөнгө оруулалтын Fosun Inernational холдингийн үүсгэн байгуулагч бөгөөд тэргүүн Гуо Гуанчан алга болжээ. Энэ санхүүчийг Хятадын Уоррен Баффет гэдэг бөгөөд Хонконгт худалдаалдаг компаниа 115 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, , Ази, Европ, Хойд Америк дахь хөрөнгө оруулалттай болгожээ.
Түүнийг алга болсны дараа олон нийтийн сүлжээгээр цагдаа нар Шанхайн нисэх онгоцны буудал дээр баривчилж байгааг харсан гэрчүүдийн мэдээлэл гарч байсан юм. Үүний дараа Fosun International компани хувьцааны арилжаагаа түр зогсоож, Гуо хууль сахиулах байгууллагад ямар нэгэн мөрдлөг шалгалт явуулахад тусалж байгаа гэж мэдээлжээ.
Тэрбумтны алга болсон үе Хятадын тэргүүн Си Зиньпиний санаачилсан авлигын эсрэг кампанит ажилтай яг давхацсан юм. Хожим нь Гуо ажилдаа эргэн орсон боловч түүний алга болсон шалтгаантай холбоотой ямар ч мэдээлэл өгөөгүй аж. Өдгөө Гуо урьдын адил Fosun компаниа удирдаж байна. Түүний хөрөнгө 7,5 тэрбум ам.доллар гэж гарчээ.
2016 оны нэгдүгээр сард хямд хувцасны үйлдвэрлэгч Shanghai Metersbonwe Fashion&Accessories компани түүнчлэн үүсгэн байгуулагч Жоу Чэнзяньтай холбогдож чадахгүй байна гээд, хувьцааны арилжаагаа түр зогсоожээ. Тэрбумтан Жоуг “намаг балчгаас хаан ширээнд заларсан” хүн гэж нэрлэж болно. 12 настайгаа сургуулиа хаяад, оёдолчин мэргэжил эзэмшихээсээ өмнө мужаан, тоосго өрөгчөөр ажиллаж байсан гэнэ.
Сүүлд нь тэрбээр Metersbonwe-г байгуулсан нь 2019 онд 800 сая ам.долларын ашиг өгсөн компани болжээ. Өдгөө компанийн бизнесмэний охин эзэмшиж байна. Гэхдээ Жоу томоохон хувьцаа эзэмшигч хэвээр байгаа бөгөөд хөрөнгө нь 1,3 тэрбум ам.доллар гэж гарчээ. Бизнесмэн 2016 онд алга болоход төрийн China Daily хэвлэл цагдаа нар түүнийг инсайдерын арилжаа, хувьцааны луйврын мөрдлөг шалгалтад туслуулахаар саатуулсан гэж мэдээлж байсан юм. Долоо хоногийн дараа Metersbonwe Шэньжэний биржид Жоу эргэн ирсэн гэж мэдэгдсэн ч хаашаа алга болсон тухай ямар ч мэдээлэл өгөөгүй аж.
Хятадад саяхан бас нэгэн бизнес эрхлэгч алга болсон тухай мэдээлэл гарсан байна. Гуравдугаар сард барилгын магнат Жэнь Жицян алга болжээ. Тэрбээр алга болохоосоо өмнө интернэтэд Хятадын Засгийн газраас коронавирусийн цар тахалтай тэмцэж буй алхмыг шүүмжилсэн эссе байршуулжээ. Жэнь Жицян эссендээ Си Зиньпинийг нэрээр нь дуудаагүй ч Хятадын удирдагчид хандсан хэд хэдэн үг хаяж, түүнийг “алиалагч” хэмээжээ.
Нийтлэл гарснаас хойш хэсэг хугацааны дараа The New York Times сонин бизнесмэний найзууд түүнийг олж чадахгүй байгаа, маш их түгшсэн гэж мэдээлжээ. Хятадын төр засгаас долдугаар сард намын үйл хэрэгтний хүү асан, Коммунист намын эртний гишүүн Жэнийг намаас хассан гэж мэдэгджээ. Бизнесмэний хөрөнгийг хурааж, есдүгээр сард түүнд 18 жилийн хорих ял оноосон байна. Шалтгаан нь хээл хахууль, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэжээ. Харин түүний талынхан Си Зиньпиний эсрэг үг хэлснийх нь төлөө шийтгэсэн гэж баталж байна.
Бас нэгэн амжилттай яваа бизнес удирдагч, хөрөнгө оруулалтын Tomorrow Group фирмийн тэргүүн Сяо Зяньхуа Хонконгт ямар нэгэн тайлбаргүйгээр баривчлагджээ. Энэ явдал 2017 оны нэгдүгээр сард болсон бөгөөд Сяо Four Season Hotel зочид буудлаас толгой нь бүтээж, тэргэнцэр дээр суулган авч гараад эх газрын Хятад руу авч явжээ.
Тэр цагаас хойш Хятадын улстөрийн элитүүдийн төлөөллийн дунд хэлхээ холбоо ихтэй Сяо олон нийтийн өмнө гарч ирэхээ больсон юм. 2020 оны долдугаар сард Tomorrow Group бизнесмэнийг Хятадад байгаа, Хятадын засаг захиргаанд компанитай холбоотой мөрдлөг шалгалт явуулахад туслалцаа үзүүлж байгаа гэж WeChat-аар дамжуулан мэдээлжээ. Удалгүй энэ мэдэгдлийг устгасан аж. Улсаас Tomorrow Group-тэй холбоотой хэд хэдэн фирмийг хяналтандаа авч, мажоритар хувьцаа эзэмшигч, охин компаниудынхаа мэдээллийг нуусан гэж буруутгажээ.