Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллийн үеэр коронавируст халдварт хүүхдийн өвчлөл нэмэгдэх болсныг хэллээ.
Энэ үеэр ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл “АНУ-д сүүлийн нэг сард шинээр өвчилсөн хүмүүсийн 23 хувь нь бага насны хүүхэд байна гэсэн судалгааны дүн гарсан байна. Манай орны хувьд хүүхдийн өвчлөл бусад орнуудтай харьцуулахад өндөр байгаа. Энэ нь уламжлалт гэр, хооллолтын соёл, хоорондоо зай барьдаггүй, гэр бүлийн хүрээнд халдвар их гарч байгаатай холбоотой гэсэн дүгнэлт байна гэлээ.
Мөн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Манай улсад коронавирусийн халдвар авсан нийт тохиолдлын 11-12 хувь нь 0-15 насны хүүхдүүд байна. Гол шалтгаан нь гэр бүлийн хавьтлаас болж байна. Тухайлбал, өчигдөр 10 ам бүлтэй өрхийн 2 нь өвдсөн. Давтан шинжилгээгээр үлдсэн 8 нь халдвар авсан нь илэрсэн. Гол шалтгаан нь олуулаа аав ээжтэйгээ хамт амьдрах юм.Хүүхдүүд гэр бүлийн хүрээнд хавьтал болон ахуйн замаар халдвар авч байна” гэлээ.
Л.Баяр