Экологийн цагдаагийн албанаас өнөөдөр ирүүлсэн мэдээллээр, Увс аймгийн Завхан сумын нутаг дахь Хяргас нуурын БЦГ-ын онцгой бүс Айраг нуурын эрэг орчмоор бургас сэргэн ургаж, 3 жилд 34 га талбайд хүрсэн байна.
Ингэснээр Айраг нууранд борцгор хотон шувуу үүрээ засаж өндөглөдөг болсон төдийгүй, Хяргас нуурын БЦГ-ын өмнөд хэсэг, Завхан, Наранбулаг, Өлгий сумын нутагт бөхөн гөрөөс, цагаан зээр уугуул нутагтаа эргэн нутагшаад байна. Энэ нь тухайн орчныг аюулгүй тайван болсонтой холбоотой.
Бургас бол хамгийн найдвартай “байгаль хамгаалагч” болдог бөгөөд хөрс голохгүй хаана ч ургадаг учраас цөлжилтийн аюул нүүрлэсэн Монгол оронд хамгийн хэрэгтэй модлог ургамал аж.
Ширгэж буй гол мөрний сав газарт тариалахад усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой төдийгүй, хурдан ургадаг учраас хот тосгон, цөлөрхөг газрыг ногооруулах, уул уурхайн нөхөн сэргээлтийг хийхэд ч тохиромжтой мод юм байна.
Бургас нь чийг болон гэрэлд дуртай, хүйтэнд тэсвэртэй, нуур голын намгархаг чийглэг хөрсөнд сайн ургадаг. Далайн түвшнээс дээш 600-2000 метр өндөрт ургадаг байна.
Дэлхий дээр нийт 300-400 гаруй зүйл бургас ургадгаас Монгол оронд 40 гаруй зүйл нь бий. Түүний дотор түгээмэл тохиолдох нь “таван дохиурт бургас” бөгөөд 16 метр хүртэл өндөр ургаж, ховор тохиолдолд сөөг хэлбэрээр 5 метрийн өндөртэй ургана.
Гол иш нь саарал өнгөтэй, навч нь зууван, цэцгийн дагавар хайрс нь жигд шар ногоон өнгөтэй, 5 дохиуртай. Залуу мөчир, дэлгэрч буй навчис нь наалдамхай, сайхан үнэртэй байдаг. Навчлахаасаа өмнө цэцэглэнэ, эр цэцгийн молцог нь 2-7 сантиметр, эм цэцгийн молцог нь 1-6 см урттай байдаг. Бургасыг мөчрөөр үржүүлэх нь үр дүнтэй, жилд 60 см нэг суулгацаас 5-20 ширхэг салаалж ургадаг. Салаа бүр нь 1.5-2.5 метр хүртэл урт ургана. Хөрсний гүнд усны нөөц бүхий газар тариалж болно. Хавар эрт соёолж үрээ цацдаг.
Экологийн цагдаагийн алба