Дэлхийн нийтийг хамарсан Ковид-19 коронавирусийн халдварын улмаас сая сая хүний эрүүл мэнд, амь насанд ноцтой эрсдэл учраад байна. Тиймээс Засгийн газрууд Ковид-19 цар тахлын эсрэг онцгой арга хэмжээ авахаас аргагүй байдалд хүрч байна.
Нэгдсэн Үндэсний байгууллага тэргүүтэй Олон Улсын байгууллагуудын зүгээс дэлхий даяар эв санааны нэгдэлтэй байж, бүх нийтээр хүчирхэг, олон талт, нэгдмэл хандлага бий болгохын төлөө хамтын хүчин чармайлт гаргахыг уриалж, энэхүү хямралт үед нэн ялангуяа иргэний болон улстөрийн эрхийг хүндэтгэн сахихын чухлыг онцолж байна.
Гэтэл зарим засгийн газрын зүгээс цар тахлыг далимдуулан дарангуйллыг бэхжүүлэх, олон улсын хүний эрхийн хуулийг зөрчин эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах явдал удаа дараа гарч байна. Хэт мөрдөн тагнах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэлтэй байх эрхийг хөсөрдүүлэх, олон нийтийн оролцоонд хязгаар тогтоох нь нийтлэг болж байна. Мөн идэвхтнүүдийн дуу хоолойг нухчин дарах, эрх мэдэлтнүүдийг нийгмийн хэвлэл мэдээллээр шүүмжлэхийг таслан зогсоох үүднээс хууль тогтоомжид дарангуйллын шинж агуулсан нэмэлт өөрчлөлт оруулах явдал ажиглагдаж байна гэж Глоб интернэшнл төв-ийн бэлтгэсэн “Ковид-19 ба хэвлэлийн эрх чөлөө илтгэлд дурьджээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандаж, энэхүү цар тахлын улмаас хүний эрх тал бүрээр зөрчигдөж байгааг сануулж, ялгаварлан гадуурхах, үзэн ядах үг хэллэг тараах, хэт туйлшрах зэрэг хандлага гарч, эрх мэдлээрээ сүрдүүлэн далайлгах, хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдах явдал ихэссээр байгааг анхааруулсан байна.
Н.Батаа