Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОНРТ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт өчигдөр (2021.01.10) оролцож ярилцахдаа, оффшорт нуусан хөрөнгийг татаж өрх бүрт нэг сая төгрөг олгох болон бусад асуудлаар тайлбар хийсэн билээ.
Ерөнхийлөгч хэлэхдээ оффшор бүсэд нуусан хөрөнгийг Монголд татан оруулж өрх бүрт нэг сая төгрөг олгох тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Уг тогтоолд, өрх бүрт нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгасан гэв.
Мөн оффшор бүсээс оруулж ирэх мөнгө нь төсвийн алдагдлыг нөхөх магадлалтай тул Монголбанканд данс нээхээр төлөвлөж урьдчилан тогтоолын төсөл өргөн барьсан хэмээв.
Түүнчлэн Ерөнхийлөгч тус ярилцлагын үеэр дараах зүйлийн онцлон хэллээ:
Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал хоёр дахь жилийн ойтойгоо золгож байна. Уг ордод асар их хууль зөрчсөн, авлигын асуудал байсан. Үүнийг эргэлтэд оруулж ахмадуудын зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх санал гаргасан. Цар тахал гарсан энэ үед ахмадуудад тустай зөв шийдвэр гаргасны баталгаа юм.
Нэг сая хүртэлх төгрөгөөр өрхийн орлогод дэмжлэг болгох саналыг гаргасан. Ингэхдээ, 900 мянган өрхөд 200 мянган төгрөг бэлнээр, 800 мянган төгрөгийг ваучер хэлбэрээр олгох. Үүгээр иргэд худалдан авалт хийхдээ зөвхөн дотоодын үйлдвэрлэлээ дэмжих юм. Энэ нь аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалж үлдэх бодит зүйл юм. Энэ талаар МҮХАҮТ-тай хамтран энэ талаар судалгаа ч хийсэн байгаа.
Оффшор бүс буюу хулгайлсан, нуусан мөнгийг Монголд оруулж ирснээр төсвийн алдагдлыг нөхөх боломжтой. Тиймээс Монголбанканд данс нээж, оффшороос орж ирэх мөнгийг байрлуулж өрх бүрт ваучер хэлбэрээр олгох нь зөв хэмээн тооцон урьдчилж тогтоолын төсөл өргөн барьсан юм. Сүүлийн хоёр жилийн хуагцаанд оффшорын мөнгийг оруулж ирэх ажил идэвхтэй өрнөж байгаа.
Миний хувьд, мөнгө хадгалахын эсрэг байдаг хүн. Учир нь мөнгө байнга эргэлтэд орж байх ёстой. Намайг оффшор данстай гэх асуудал сүүлийн 10 гаруй жил яригдсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ч ярьж байсан. Ингэж яриад байгаа хүмүүс нь тэр орлогыг гаргаад ирвэл өөрсдөө аваарай гэж хэлмээр байна.
Төсвийн ерөнхийлөн захирах эрхтэй хүн АТГ-ын даргыг томилно гэдэг маш буруу. Тухайн кабинетын сайд нарт авлигын нөхцөлийг бүрдүүлнэ.
ЗТБХБ-ын сайд байхдаа 2010 онд УИХ-аар Төрөөс баримтлах төмөр замын бодлогыг батлуулсан. Олигарх бүлэг хэдэн жил энэ ажлыг гацаасан. ҮАБЗ дээр Ерөнхий сайд энэ асуудлыг ойлгож ажлыг шуурхайлсан. Жил хүрэхгүй хугацаанд 800 км орчим төмөр зам барьсан байна. Манайх шиг далайд гарцгүй, хуурай том газар нутагтай улсад төмөр зам нэн тэргүүнд шийдэх асуудал. Энэ төмөр замыг барьснаар Монгол Улсын эдийн засаг 3-5 дахин тэлэх боломжтой вм.
Төмөр замаар говийн болон баруун, зүүн бүсийг холбох нь зүүн ази, далай руу гарц болно. Нөгөөтэйгүүр төмөр замыг дагасан 100 км тойрогт 160 гаруй орд байх жишээтэй. Эдгээр ордыг боловсруулж өнөөдрийн ядуурлаас гарах том бодлоготой юм.
Б.Эрдэнэ