Нэгдүгээр сарын 10-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 14216 шинжилгээ хийлээ. Ингээд 13 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс хоёр тохиолдол нь БЗД-ийн 17 дугаар хорооны халдвар илэрсэн хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Тэрбээр “БЗД-ийн 17 дугаар хорооны Эмнэлгийн гудамжны хоёр иргэн халдвар авсан нь өчигдөр орой батлагдсан. Тухайн иргэд нь батлагдсан тохиолдлын хавьтлууд байсан байна. Иймд тухайн иргэдийн ойрын хавьтлуудыг тусгаарлаж, тухайн гудамжинд анхаарал тавьж, хоёр дахь хавьтлуудаас шинжилгээ авах ажлыг нийслэлийн Эрүүл мэндийн газар өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байгаа гэлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,442 болсноос дотоодын халдварын тоо 942 боллоо. Үүнээс 896 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 535 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 11 , хүндэвтэр 106, хөнгөн 416 хүн байна.
Л.Баяр