Соёлын сайд С.Чулуун БНХАУ-ын “Хоймрыг мандуулагч” цол олгосон талаар сайтууд мэдээлж эхэллээ. Хятадын Ардын их сургуулиас Монголын сайдад олгосон “Хоймрыг мандуулагч” цол хэргэм олон нийтийн сүлжээнд Манжийн хааны үеийн Монгол ноёдыг худалдан авч байсан хээл хахууль, цол гуншин эргэн сэргэж, БНХАУ-ын тал өөрт ашигтай, Монголынхоо эсрэг шийдвэр гаргаж чадсан ноёд, түшмэдэд олгож байсан цол хэргэм, шагналаа сэргээн, эхнийхийг нь Манжийн үеийн түүхээ Хятадад бэлэглэсэн Соёлын сайд, түүхч С.Чулуунд олгож байна хэмээн дургүйцэн бичиж эхэлжээ.
Хоймор бол монгол айл гэр, гал голомтын хамгийн хүндэтгэлтэй ханддаг газар. Шагналын нэршил “Хоймрыг мандуулагч” гэсэн үг нь Хятадын Монгол Улсыг өөрийн нэг хэсэг гэж үздэг үзэл бодолтой холбоотой. Энэ бол өнөөдрийн байдлаар өмнөд нутагт хоймор нутгийг мандуулж байгаа хүн нь С.Чулуун мөн юм” гэсэн тодорхойлолт мөн ч гэж үзэх хүн ч олон нийтийн сүлжээнд олон байна.
Түүхийн хуудсыг сөхөн харвал манжууд монголчуудыг эзлэн авах санаагаа хэрэгжүүлэхдээ Монголын ноёд, түшмэдийн дунд яс хаяж, албан тушаал оноож, цол хэргэм, эд хөрөнгөөр шагнан бутаргасан бөгөөд 1770-аад оны үеэс манай хошууд Манжийн хаанаас тусгайлан тамга авч шавь аймаг захирах эрхтэй болсон ба Манж Чин улсын төр монгол ноёдын зүтгэл, гавьяаг харгалзан ван, бэйл, бэйс, гүн цолыг олгож, засгийн хэргэмийг үе улиран тасралтгүй залгамжлах, вангийн хэргэмийг нэгэн үе эсвэл үе улиран залгамжлах журам тогтоож байжээ.
Шагнал, шан харамжууд Манжийн төрд хэр зэрэг үнэнч, шударга итгэлтэйгээр зүтгэсэн бэ гэдгээрээ эрэмбэлэгдэж, хамгийн авлигач дулдуйдагч, өнгө мөнгө харагчид илүүтэй хүртэж байсан гэдэг. Үе дамжин хошуу захирах боломжоор хангаж өгсөн, зөвхөн амин хувийнх нь эрх ашгийг хүндэтгэж буй Манжийн төрд олон ван, бэйл, бэйс, гүн зүтгэж, өнөөдөр С.Чулууны олж аваад байгаа “Хоймрыг мандуулагч”-тай дүйх хэмжээний цол авч байсан биз ээ.
Ямартай ч энэ удаа хятадууд С.Чулууныг талдаа татан, гоё үгээр тархи толгойг нь мансууруулж байгаа энэ өдрүүдэд харин Монгол Улсад түүхийн баримт хулгайлагдсан хэрэг мандаж, түүхч С.Чулуун, Үндэсний архивын дарга Д.Өлзийбаатар нар хамтран 7 жилийн өмнө Үндэсний архивт хадгалагдаж байсан Монголын архивын нэн ховор, Манжийн засаглалд хамаарах 640 мянган нэгж баримтыг Хятадын талд өгсөн хэрэг мандаж байгаа юм. Түүхчид нэхэл хатуу байгаа.
С.Чулууны Хятадын талд шилжүүлсэн түүхийн нэн ховор баримтаар Манжийн төрийн буурин дээр тохиносон БНХАУ олон боть ном хийсэн байдаг. Гэтэл Манжийн төр Монгол Улсад ямархуу бодлого баримталж байсан бэ гэдгийг тэмдэглэн үлдээсэн баримтыг хүлээн авсан Хятадын тал С.Чулууныг хөхүүлэн дэмжээд “Хойрмыг мандуулж яваа хүн”-ээр тодруулчих нь санамсаргүй тохиол уу, хувь заяаны шоглоом уу.
С.Чулуун гэх түүхч У.Хүрэлсүхийн Засгийн газарт шинээр байгуулагдсан Соёлын сайдаар томилогдсон. Улс төрийн гарал үүсэл, татаас дэмжлэг талаасаа бол Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэгддэг бөгөөд нэг л өдөр кранаар өргөгдсөн шинэ яамны сайд болсон. Харин манай Ерөнхийлөгч Х.Баттулга “Хятадын эсрэг үзэлтэн” гэдгээрээ дэлхийд танигдсан ч, хятадтай хамгийн ойр хүнийг Соёлын сайдаар тохоон томилуулсан болж таараад байгаа юм.
Монгол Улсын түүхийг худалдсан, улсаа худалдсан хүмүүсийг Хятадын тал урамшуулан шагнааад эхэлсэн бол удахгүй түүхч Д.Өлзийбаатар ахин нэг цол хэргэм хүртэх биз ээ. Харин дараагийн шагнал хэзээ, хэнд ирэх вэ гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байна. Энэ бол монгол хүний анхаарал татах сэдэв мөн билээ.
Б.ЦЭНД