Монгол Улсын онцгой комиссын шуурхай хуралдаан Зам, тээврийн хөгжлийн яаманд цахимаар боллоо.
Монгол Улсын онцгой комиссын даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаар тушаалаар байгуулсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулан байгуулсан юм.
Тухайн үед Сэлэнгэ аймагт цар тахлын шинэ голомт тогтоогдож, Сүхбаатар зангилааны төмөр замчдад халдвар тархаж эхэлснээр Дархан, Эрдэнэт, Зүүнхараа, Чойр, Айраг, Сайншанд, Замын-Үүд өртөөдөд халдвар богино хугацаанд дамжин тархаж, Монгол Улсын урд, хойд хилийн өртөө, завсар, дундын өртөөдийн төмөр замын 2225 ажилтан тусгаарлагдан, хөл хоригдсоноор ажиллах хүчний дутагдалд орж, төмөр замын тээвэрлэлтийн хэвийн үйл ажиллагаа зогсож, тасалдах хэмжээнд хүрч байлаа.
Ялангуяа хилийн Замын-Үүд өртөөний ажилчдаас 14 хүний шинжилгээний хариу эерэг гарч 1398 тусгаарлагдсан, мөн Сүхбаатар өртөөний ажилчдаас 28 хүний шинжилгээний хариу эерэг гарч, 414 хүн тусгаарлагдаж тус өртөөдийн үйл ажиллагаа зогсож, галт тэрэг, вагон, чингэлэгийн бөөгнөрөл үүссэн байв.
Ийм үед ЗТХЯ, ГЕГ, МХЕГ, УБТЗ-ын төлөөлөл бүхий Шуурхай бүлэг дараах арга хэмжээг яаралтай авч ажилласан байна.
“Ковид-19” цар тахлын тархалтыг зогсоох зохион байгуулалтын талаар:
-Шуурхай бүлэг 41 удаа хуралдаж, нийт 311 үүрэг, даалгавар өгч биелэлтийг бүрэн хангуулж, тайланг өдөр бүр УОК, ЗГХЭГ-т хүргүүлж ажиллав.
-Сүхбаатар зангилаанд Замын ерөнхий инженерийн орлогч Ш.Нямсүрэн, Замын-Үүд, Сайншанд зангилаанд Дохиолол холбооны 2 дугаар ангийн дарга С.Түмэнбаяр, Эрдэнэт зангилаанд Техник үйлчилгээний газрын дарга С.Мягмарцэрэн нарыг томилон ажиллууллаа.
-Төмөр замын хөдөлгөөний тасралтгүй ажиллуулах зорилгоор Сүхбаатар, Замын-Үүд, Дархан өртөөдөд төмөр замын хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилчдыг вагон, зочид буудалд тусгаарлан байрлуулж, ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авав.
Төмөр замчдыг шинжилгээнд хамруулах талаар:
-“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 15956 ажилтныг “Ковид-19” халдварын түргэвчилсэн оношлуураар, 12680 ажилтныг PCR-ийн шинжилгээнд хамруулж, тэдний гэр бүлийг давтан PCR оношлуураар шинжилгээнд хамруулаад байна.
-Баянгол дүүрэгт нэг өрхөөс нэг хүн шинжилгээнд хамруулах ажилд төмөр замын төв эмнэлгээс 3 баг гарган ажиллуулж, шаардлагатай түргэвчилсэн болон PCR оношлуураар тасралтгүй хангаж ажиллалаа.
-Улаанбаатар төмөр замд цар тахалд өртөх эрсдэлтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилчдын ажлын байр, албан тушаалын судалгааг гаргаж, нэмэлтээр 6256 ажилтанг PCR-ийн давтан шинжилгээнд хамруулж байна.
-Эрүүл мэндийн яамнаас төмөр замын төв эмнэлэгт нэн шаардлагатай амьсгалын 2 ширхэг аппарат авч суурилуулж бэлэн болголоо.
Төмөр замд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх талаар:
-Улаанбаатар төмөр замын хэмжээнд 117,880 ажлын байр, 5,240,543 м2 талбайд, 567 галт тэрэг, 27,990 вагон, чингэлэгт ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн байна.
-Сүхбаатар, Замын-Үүд хилийн өртөөд, Улаанбаатар шилжүүлэн ачих ангийн ажлын байр, ачаа шилжүүлэн ачих анги, дэлгүүр, цайны газар, зэрэг эрсдэл ихтэй ажлын байруудаас арчдасын дээж авч, шинжилгээнд хамруулсан бөгөөд эмгэг төрөгч нян илрээгүй байна. Мөн ариутгагч кварцын гэрэл, “смарт” хаалга зэргийг ашиглаж тээврийн бичиг баримт, өрөө тасалгааг тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна.
-Төмөр замын шугам дагуух ахуйн хэрэглээний обьектууд болох бие засах газар, ариун цэврийн өрөөг цэвэрлэгээний болон ариутгах бодисоор хангаж, ариутгалын хяналтын хуудсыг бүрэн нэвтрүүлж ажиллалаа.
-Төмөр замын шугам дагуух бүх бохирын цооног, гүний болон зөөврийн худгуудад үзлэг шалгалтыг хийлгэж, усны дээжийг магадлан илтгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд бүрэн хамруулсан байна. Мөн худаг, ундны усны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор 11 төвлөрсөн эх үүсвэр, 13 хэсгийн төвлөрсөн эх үүсвэр, 84 усны цэгүүдэд хамгаалалтын бүс тогтоов.
Төмөр замын тээврийн тасралтгүй байдлыг хангах талаар:
-Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Сүхбаатар зангилаанд тусгаарлалтад орсон ажилтнуудын оронд хөдөлгөөн зохион байгуулалтын 43, вагоны албаны 5, кейтеринг төвийн 6, эмнэлэгийн 1, зорчигчийн 12 ажилтан, Айраг өртөөнд Олон-Овоо өртөөний 1 ажилтныг түр томилж ажиллуулав.
-Хүний нөөцийн дутагдалтай газруудад тэтгэврийн 26 ахмадуудыг /Эрдэнэт өртөөнд 4, Зүүнхараа холбоо 1, Зам, засварын машинт станц 2, Зүтгүүрийн депо 17, Вагон депо 2/ дайчлан ажиллууллаа. Нөхцөл байдал хүндэрч болзошгүй зангилаадад шаардлагатай үед ажиллах хүний нөөцийн судалгааг алба, хэлтэс бүрээр гарган төлөвлөж, бэлэн байдлыг хангасан болно.
-Улсын онцгой комиссын зөвшөөрлийг үндэслэн томилолтоор ажиллаж байсан ажилчид, ахмад насныг гэрт нь буцаах ажлыг түргэн шуурхай зохион байгуулж ажиллав. Нийт 229 хүн.
-Хилийн Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав өртөөд болон эрсдэл өндөртэй Айраг өртөөний 2251 ажилтнуудад замналаа /маршрут/ тэмдэглэх өврийн дэвтрийг хөтлүүлж хэвшүүллээ.
-Замын-Үүд-Эрээн өртөөд 2020 оны 12 дугаар сарын 04-нөөс агентгүйгээр ажиллах технологид шилжин ажиллаж байна.
-Замын-Үүд, Эрээн өртөөдийн галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх чиглэлээр Улаанбаатар төмөр замаас Хөх хотын төмөр зам, Эрээн өртөөтэй хурал хийж, галт тэргийг нэмэгдүүлэх, хилийн зогсолтын хугацааг бууруулах чиглэлээр ажиллаж, зүтгүүрийн кабиныг лацдаж, хил дээрх галт тэрэгний зогсолтыг 3 цаг байсныг 1 цаг 05 минут хүртэл багасгасан үр дүнд хүрлээ.
-Ачаа илгээгч, хүлээн авагч нартай шуурхай ажилласны үр дүнд Эрээн өртөөнд хуримтлагдсан хөлдүү төмрийн хүдэртэй вагонуудыг богино хугацаанд суллах арга хэмжээ авлаа.
-Импортын ачааг Эрээн өртөөнд авто машинаас төмөр шилжүүлэн ачилт хийхээр Хятадын талтай хамтран ачилтыг эхлүүлсэн. Эрээн өртөөнд өргөн болон нарийн царигаар 231 вагонд ачаа тээвэрлээд байна.
-Дулааны цахилгаан станцуудын хоногийн нөөцийн мэдээг өдөр бүр гарган, хяналт тавьж ажиллаж нүүрсний хоногийн нөөц багассан цаг тухайд нүүрсний уурхайдад вагон хангалтыг нэмэгдүүлж ажиллалаа.
-Хүнсний болон улаан буудай, гурилын тээвэрлэлт, ачилт буулгалтын талаар ХХААХҮЯ-нд өдөр бүр мэдээлж, буулгалтад өдөр тутам хяналт тавьж ажиллаж байна.
-Экспортын бүтээгдэхүүний тээвэрлэлтэд шаардагдах вагоны хангалт бусад арга хэмжээг авснаар Бор-Өндөрийн уурхайгаас экспортод 2307 вагон бүтээгдэхүүнийг тээвэрлэлээ.
-Замын-Үүдийн логистикийн талбайн сондгой чиглэлийн транзит чингэлгийн хуримтлалыг тодорхой хэмжээгээр бууруулан ажиллаж байна.
-БНХАУ-ын нутаг дэвсгэрт саатаад байсан сахар, хуурай сүү зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг Хятадын төмөр замтай холбогдож арга хэмжээ авч ажиллав.
-Зарим барааг гаалийн татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай асуудлыг хөндөж, шийдвэрлэх асуудал удааширснаас гаалийн хяналтын талбайд ачааны хуримтлал үүсч, талбай дүүрч байгаа хүндрэлийг Зам, тээврийн хөгжлийн яам, Гаалийн Ерөнхий газар, холбогдох төрийн байгууллагууд хамтран шийдвэр гарч хүчин төгөгөлдөр болсны дараагаар шуурхай зохион байгууллаа.
Хүрсэн үр дүн:
Хэрэв Улсын онцгой комисс яаралтай шийдвэр гаргаагүй, Шуурхай бүлэг шуурхай, эрчимтэй, үр дүнтэй ажиллаж чадаагүй бол улсын эдийн засгийн үндэс суурь ачаа тээвэр тасалдаж, үндэсний аюулгүй байдалд хохирол учрах хэмжээнд хүрэх байв. Түүнчлэн улс хоорондын төмөр замаар дамжин өнгөрөх тээвэр саатаж олон улсад хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл үүсэх байв.
Улаанбаатар төмөр замд үүссэн “Ковид-19”-ын халдварыг таслан зогсоож, Монгол Улсын төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангаж чадлаа.
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хэмжээнд түргэвчилсэн оношлуураар 98 хүн эерэг гарч, тэднээс PCR-ийн шинжилгээгээр 77 ажилтан “ковид-19”-өөр өвчилж /2020.12.16-наас хойш өвчлөл нэмж бүртгэгдээгүй/ одоогоор нэг хүнээс бусад нь эдгэрээд байна.
Одоогоор Улаанбаатар төмөр замын тээврийн үйл ажиллагаа хэвийн байдалд шилжиж /зорчигч тээврээс бусад/ төмөр замын салбарын ажиллагсад үүргээ бүрэн дүүрэн биелүүлэх боломжтой боллоо.
Төмөр замд тархсан коронавируст халдварыг таслан зогсооход зөвхөн “УБТЗ” ХНН 19.3 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Өнөөдрийн хуралдааны төгсгөлд Шадар сайд, Улсын комиссын дарга Я.Содбаатар Шуурхай бүлэг сайн ажилласныг онцлоод цаашид анхаарвал зохих хэд хэдэн үүрэг, даалгавар өгч, төмөр замын тээврийн үйл ажиллагаа хэвийн байдалд шилжиж /зорчигч тээврээс бусад/ төмөр замын салбарын ажиллагсад үүргээ бүрэн дүүрэн биелүүлэх боломжтой болсныг дурдаж, уг Шуурхай бүлгийг татан буулгахаар болсныг мэдэгдлээ.
Эх сурвалж: ЗТХЯ