Хамгийн сүүлд өнгөрсөн зуны УИХ-ын сонгуулиар ялалт байгуулж, төрөлх Сэлэнгэ аймгаасаа хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсон, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хэлэлцэх байсан ч өмгөөлөгч нарынх нь хүсэлтийг үндэслэн долоо хоногийн хугацаагаар хойшлуулав. Шүүгдэгч Д.Түвшинжаргалын өмгөөлөгч Б.Мөнхбат эрүүл мэндийн шалтгаанаар хуралд оролцох боломжгүйгээс энэ сарын 15 хүртэл хойшлуулсан байна.
Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдыг Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолоор баталсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн зааг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт хамааралгүй газарт нөхөн олговор олгохдоо бусдад давуу байдал олгосон хэмээн буруутгасан юм. Тодруулбал, УИХ-ын 2011 оны тавдугаар сарын 5-ны 18 дугаартай тогтоолоор дархан цаазат газрын хилийн заагт Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Зэд, Хантай, Бүтээлийн нуруунд байрлах ашигт малтмалын хайгуулын 43 мянга шахам, ашиглалтын 407.5 га талбай нь багтсан “Азаргын гол чонот” ХХК-ийг хамруулж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найз Б.Отгонбаатар, тус компанийн гүйцэтгэх захирал Д.Түвшинжаргал нарт Өмнөговь, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар, Ховд аймагт найман тусгай зөвшөөрөл олгосон буруутай гэж анхан шатны шүүх үзсэн юм. Мөн Тост, Тосон бумбын нурууны хамгаалалтын бүсэд багтсан, Өмнөговь аймгийн Гурвантэс сумд байрлах “Улаан сайр-2” нэртэй талбайг дүү Ж.Эрдэнэтөгсийнхөө хамт үүсгэн байгуулсан “Хэрх илч” компаниар дамжуулан таван сая төгрөгөөр худалдан авч өөртөө болон төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсөд давуу байдал бий болгосон гэм буруутай гэж дүгнэсэн билээ. Улмаар С.Мандахбатыг цагаатгаж, Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт зургаан жил, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарт гурван жил хорих ял шийтгэн, нийтийн албанд ажиллах эрхийг нь 5-6 жилийн хугацаагаар хассан билээ.
Давж заалдах шатны шүүхээс Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт оноосон ялыг хэвээр үлдээж, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарынхыг багасгасан юм.
Өнөөдөр сонины сэтгүүлч Г.Равжаа