Аварга том биетэй, тамирчин, дээр нь арлыг ганцаараа дайтан байж эзэлсэн, мөн боловсролтой, урлагт дуртай гээд нэг хүнд байж боломжгүй төгс авьяас заяасан нэгэн хаан саяхыг хүртэл аж төрж байсан гэвэл та итгэх үү.

Тонго Улсын хаан IV Тауфа’ахау Тупоу (цаашид Тупоу хаан гэж нэрлэе) нь дэлхийн хамгийн том биетэй хаан байжээ. Хоёр метр шахам өндөр энэ хааны жин 150-200 кг-ийн хооронд хэлбэлздэг байсан гээд бод доо.

47 размерын гутал өмсдөг энэ хаан Британийн хатан хаантай уулзах үед ордныхныг сүрлэг том биеэрээ гайхшируулсан гэдэг. Гэхдээ полинезүүдийн хувьд аварга том бие энгийн л үзэгдэлд тооцогддог байна.

1965-2006 онд төр удирдаж байсан Тупоу хаан тонгачууддаа бол шинэчлэлийг амжилттай явуулж, улс орныхоо сайн сайхан амьдралыг цогцлоосон үндэстний эцэг төдийгүй тун этгээд удирдагч гэдгээрээ бичигдэн үлджээ.

Сиднейн Ньювингто- Коллежид сурч боловсрол эзэмшсэн энэ хаан удалгүй Австралийн ууган бөгөөд нэр хүндтэй Сиднейн их сургуульд сурч, хажуугаар нь регби, теннис, крикет, сэлүүрт завь, тулгууртай харайлтаар хичээллэдэг, спортод элэгтэй нэгэн байв.

Төрийн карьераа эхэлсэн нь

Тэрээр Сиднейн их сургуулийг хууль, урлаг судлаач мэргэжлээр төгсөж, дээд боловсрол эзэмшсэн анхны тонга болов. 24 настайдаа Боловсролын сайд болж, тонга цагаан толгойн шинэчлэл явуулж, хажуугаар нь дунд сургуулиуд байгуулж, боловсролын сан бий болгож, гадаадад суралцах хүүхдүүдэд дэмждэг болж байв. Мөн АНУ, Британи, Шинэ Зеланд, Австралиас багш, мэргэжилтнүүдийг авчирч, иргэдээ сургаж байлаа.

Сүүлд нь Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд болоод, эцэст нь ээж нь болох хатан хаан III Салота Тупоуг таалал төгссөний дараа 1965 онд хаан ширээнд заларчээ. 1967 онд түүнийг хаан ширээнд залрах ёслолын үдэшлэгт 71 000 торой шарж, 5 өдрийн турш хундага тавилгүй найрласан гэдэг. Хаан өөрөө идэмхий нэгэн байсан бөгөөд наргил модны самар, стейк, хонины сүүл зэрэг тонга хүнсэнд ухаангүй дурладаг байлаа. Биедээ байнга л табаскогийн сүмстэй сав авч явна. Үүнээс болоод 1970 онд Тупоу хаан 209 кг жинтэй болсон бөгөөд Германд айлчлах үед нь хүлээн авч тал зориуд түүнд том сандал урлаж өгч, түүнийгээ дараа нь бэлэг болгон барьж байсан түүхтэй.

Сумо бөх хаан

Тупоу хаан жин нэмсэн нь спортоо хаясантай холбоотой бус. Тэрээр регби, тулгууртай харайлтаар хичээллэдэг байснаа өвсөн дээрх хоккей болгон өөрчилж, дараа нь сумо бө болгосонтой холбоотой. Энэ спортоор түүнтэй өрсөлдөх хүмүүс нь санамсаргүй байдлаар сонгосон албатууд нь аж. Мэдээж албатууд нь ийм аварга хүнтэй барилдах тийм ч дуртай биш байх нь ойлгомжтой.

Эзэрхийлэгч хаан

Хаад хоорондоо л тулалддаг бол сайхан байхсан гэж Ахилл нэгэнтээ хэлсэн удаатай. Тэгвэл Тупоу хаан өөрөө бүхэл бүтэн арлыг ганцаараа эзэлж байсан түүхтэй.

1972 онд Тонгатай хил залгаа шүрэн арлуудыг хиппи саятан толгойлогчтой хиппи нар эзлэн авч, барилгын хог асгаж, дээгүүр нь элс цацан Бүгд Найрамдах Минерва улс хэмээн зарлан тунхаглажээ. Энд аз жаргал, шударга ёсны улс байгуулна гэж төлөвлөж байлаа. Гэтэл Тупоу үүнийг улс орных нь газар нутгийг булаан эзэлсэн үйлдэл хэмээн үзэхдээ дайн ч хийсэнгүй, дипломат хэлэлцээр ч явуулсангүй. Тэр зүгээр л завинаас АК-47 буутайгаа үсэрч буугаад, бүх хиппиг устгаж, нөгөө ертөнц рүү нь тонилгожээ.

Гэхдээ тэр үүнийг хийгээгүй байсан ч хиппи нар улс байгуулах ямар ч боломжгүй байсан гэдэг. Учир нь барилгын хог хаягдал, элсээр бүрхсэн арал удалгүй живж алга болжээ.

IV Тупоу хаан хувь хүн, хааныхаа хувьд

Тэрээр Боловсролын сайд байхаасаа л иргэдээ төрөлх хэлнээсээ гадна англи хэлтэй байх ёстой гэсэн хоёр хэлний бодлого явуулж байв. Үүний үр дүнд Тонгад бичиг үсгийн түвшинд Полинезийн арлууд дотроо хамгийн өндөр нь болж чадсан юм.

Тухайн үед байгалийн аж ахуйгаараа аж төрж байсан Тонгаг хаан аж үйлдвэрийн хөгжсөн улс болгохыг оролдож байлаа. Мөн нутагт нь ажлын байр хомс болохыг анзаарч, Шинэ Зеландад ажилчид илгээх зөвшөөрөл авснаар гаднаас их хэмжээгээр мөнгө орж ирдэг байв. Харин одоо дэлхий даяар амьдардаг тонгачууд төрөлх улсдаа амьдардаг хүмүүсээс ч олон.

Мөн тэнгисийн ёроолоос нефть хайх өрөмдлөг явуулах тусгай зөвшөөрөл олгох зэрэг төсөл хэрэгжүүлж, “хар алт”-ны ул мөрийг илрүүлсэн боловч судал гарч ирээгүй байна. Загасны зайдас хийх үйлдвэр байгуулж, ойн аж ахуйг хөгжүүлж, аюултай хог хаягдлын булшлах газар хүрэл байгуулж, тэнгисийн усыг түлш болгох төслийг санхүүжүүлж, дугуй шатаах, цахилгаан эрчим хүч боловсруулах ажлыг хүртэл хийжээ.

Мөн замын барилгачдаа сайн чадваржуулсны үр дүнд Тонга улс өдгөө бүсдээ хамгийн сайн замтай газар болсон байдаг. Гайхмаар нь Тонгад өдгөө ой руу явдаг жим хүртэл асфальтаар хучигджээ.

 

Тэрээр улс орныхоо сайн сайхны төлөө эргэлзээтэй орлогоос ч айхгүй зүтгэж байсан гэдэг. 1990-ээд онд Хонконгийн бизнесмэнүүд хот нь Британиас Хятад руу шилжих нь хэмээн эмээж эхлэхэд хаан шууд л Тонга паспортоо зарж эхэлжээ. Үүнээс болоод дэлхий даяар төдийгүй улс оронд нь ч томоохон дуулиан дэгдсэн аж. Дараа нь Жесс Богдонофф гэгч санхүүгийн зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх саналыг хаанд тавьсны төлөө бас нэгэн дуулиан дэгджээ. Энэ зөвлөх үйлчилгээнээс болоод улсын төсвөөс 26 сая доллар хасагдсан байна.

Энэ дуулиан, мөн хүүхдүүд нь хиймэл дагуул, агаарын тээвэр, эрчим хүчний холдингтой холбоотой компаниудад хувь эзэмшдэг гэх дуулианаас болоод иргэдийнх нь дунд эсэргүүцэл дэгджээ. Эхэлээд эрчим хүчний үнийг нэмснийг эсэргүүцсэн жагсаал удалгүй төрийн албан хаагчдын 7 хоногийн жагсаал болон өргөжжээ.

Эсэргүүцлийн удирдагчид энэ үеэр хаанд Үндсэн хуулийн шинэчлэлийн төсөл өргөн барьсан боловч хаан түүнийг хэрэгжүүлж чадалгүй, хэдхэн долоо хоногийн дараа, 2006 оны есдүгээр сарын 10-нд 88 насандаа таалал төгсжээ.

Тонга улс хааныхаа араас удаан хугацаагаар гашуудаж, “Хаан таалал төгсөж, ойн эзэн мөн ойчлоо” гэсэн албан ёсны эмгэнэл тавьж байлаа. Хааныг нутаглуулах ёслолд Япон, Их Британийн эзэн хааны гэр бүлийн төлөөлөгчид оролцож, дэлхийн улс орноос улстөрчид ирж, Шинэ Зеландад төрийн далбаагаа буулгаж хүндэтгэл үзүүлж байжээ.

Энэ хаан ерөнхийдөө иргэддээ өөрөө үлгэр жишээ болж байлаа. 1970-аад оны сүүлчээр таргалалтаасаа болоод зүрх нь ачаалах үед эмч нар түүнийг өөртөө анхаарахыг зөвлөжээ. Ингээд хаан шөлний дэглэм барьж, зааланд хичээллэж, долоо хоногт нэг удаа дугуйгаар аялдаг байв. Ингээд нийт 70 кг жингээ хасаж, 1990-ээд онд эрүүл амьдралын хэв маягийн соёлыг нэвтрүүлж байжээ.

Орчуулсан Э.Март : zen.yandex.ru

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн