Бельги, Нидерландын эрдэмтдийн багийнхан Ковид-19-ийн халдвар хөнгөн хэлбэрээр тусаад эдгэрсэн хүмүүст хэсэг хугацааны дараа хүндрэл үүсдэг болохыг тогтоожээ. Тэд энэ судалгаагаа MDPI сэтгүүлд нийтэлсэн байна.
Эрдэмтэд дунджаар 47 орчим насны, коронавирусээр хөнгөн өвчилсөн 1837 хүний мэдээллийг судалж үзжээ. Өвчтөнүүдийн ихэнх нь маш ихээр ядардаг, нойрны асуудалтай болсон, булчингаар өвддөг, булчин суларсан гэсэн гомдол мэдүүлсэн байна.
Үүнээс гадна өвдөөд эдгэрсэн хүмүүсийн 30 орчим хувь нь байнгын асаргаа шаардлагатай болсон гэж байгаа нь зүрх, бөөрний дутагдал зэрэг архаг өвчний үзэгдэлтэй ойролцоо хувийг зааж байгаа юм. Эрдэмтэд мөн коронавирусийн дараах хүндрэл өвчнөөс хойш хэдэн долоо хоног, хэдэн сарын дараа үүсэж болзошгүйг анхааруулжээ.