Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр (2020.01.08) Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Монгол Улсад ойролцоогоор 3000 гаруй төрлийн онош тавигдаж, эмчлэгдэж байгаа боловч түүний 10 хувь нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан эмнэлзүйн заавар, стандартыг мөрдөж байна. Засгийн газраас 2020 онд анхан шатлалын тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор өрхийн эрүүл мэндийн төвийн төсвийг 2 дахин нэмэгдүүлсэн. Гэвч өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа нөхөрлөлийн гишүүн биш эмч, эмнэлгийн мэргэжилтний цалин урамшуулал нэмэгдэхгүй, сум тосгоны эрүүл мэндийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлэх чадавх буурч, харилцан адилгүй үйлчилгээ үзүүлдэг байдал хэвээр байна. Үүний улмаас лавлагаа шатлалын эмнэлгүүдэд хэт төвлөрөл бий болсоор байгаа. Иймд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний эмнэлзүйн удирдамж, зааврын талаарх зохицуулалтыг тодорхой болгох, өрхийн эрүүл мэндийн төвийн эрх зүйн статусыг ойлгомжтой болгох, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдийн зарим тусламж, үйлчилгээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх замаар лавлагаа шатлалын эмнэлгийн төвлөрлийг сааруулах, амаржих газруудыг нэгдсэн эмнэлэг статустай болгож тусламж үйлчилгээг өргөжүүлэх, санхүүжилтийг гүйцэтгэлээр олгодог болох зэрэг өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар анхан шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж сайжрах, өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нөхөрлөлийн гишүүн болж санхүүжилтийн үр шимийг тэгш хүртэх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн чадавх дээшилж, иргэдэд учирч буй чирэгдэл буурах юм.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Олон улсын жишигт Эрүүл мэндийн даатгалын байгууллагад Засгийн газар, шимтгэл төлөгч ажилтан, ажил олгогчийн төлөөлөл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч гэсэн гурван талын төлөөлөл тэнцүү эрхтэйгээр оролцдог. Манай улсад Эрүүл мэндийн даатгалын засаглалыг сайжруулж, шийдвэр гаргах үйл явцыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд тодорхой зохицуулаагүйгээс зарим сөрөг үр дагавар бий болж байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын бүтэц, дүрмийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т зааснаар тухайн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн батлах, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14.8-д зааснаар Үндэсний зөвлөл батлахаар тус тус заасан нь давхардал үүсгэж байна.
Хуулийн төсөлд Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн төлөөллийг нарийн тусгаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчдийг оруулах, эрүүл мэндийн даатгалын багцад оруулах тусламж, үйлчилгээний шалгуур, аргачлал, журмыг гаргах, Эрүүл мэндийн даатгалын байгууллагын бүтэц, дүрмийг батлах, эрх бүхий этгээдийг тодорхой болгох зэрэг өөрчлөлтийг хийхээр тусгасан байна. Ингэснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэн чирэгдэлгүй өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагаас авах, шаардлагагүй эмчилгээ үйлчилгээг бууруулах, иргэдийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлд орохоос хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үнийг бодитой тогтоох, чанарын хяналтыг сайжруулах зэрэг давуу тал үүснэ.
Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
УИХ-аас 2015 онд Захиргааны ерөнхий хуулийг баталж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн бөгөөд хууль хэрэгжиж эхэлснээс хойш зарим зохицуулалтыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэл гарч, буруу жишиг тогтох хандлага бий болжээ. Хууль зүй, дотоод хэргийн яам, Ханнс Зайделийн сантай хамтран Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсний үндсэн дээр 6 зүйл бүхий энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдийн гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх харилцааг зохицуулж байгаа нь хууль хоорондын давхардал хийдлийг үүсгэж, Захиргааны ерөнхий хуулийн Есдүгээр бүлгийн зохицуулалт хэрэглэгдэхгүй байх нөхцөл бий болж байна. Иймд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг хүчингүй болгож, уг хуулиар зохицуулж байгаа харилцааг Захиргааны ерөнхий хуульд нэмж тусгах, зарим зохицуулалтыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн өөрчлөн сайжруулахаар хуулийн төсөлд тусгасан байна.
Мөн одоогийн хууль тогтоомжид тусгасан хоёрдмол утга бүхий нэр томьёоллыг нэг мөр болгох, иргэн, хуулийн этгээдийг өргөдөл, гомдлоо цахимаар болон бусад хэлбэрээр гаргах боломжийг хангаж, төрийн байгууллагуудын өргөдөл, гомдол шийдвэрлэх хугацааг богиносгох зохицуулалтыг тусгажээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч, Засгийн газрын баталсан захиргааны хэм хэмжээний актыг УИХ-д хүргүүлж байх тухай болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан захиргааны хэм хэмжээний актыг бусад субьектын баталсан захиргааны хэм хэмжээний актаас ялгаатай хугацаатай хянаж, бүртгэх, эрх бүхий байгууллагад хүргүүлэх тухай өөрчлөлтийг оруулсан байна.
Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт хориг тавих эрхийг хязгаарласан, мөн хугацаатай уялдаагүй байгаа хуулийн зохицуулалтыг бусад хууль тогтоомжтой нийцүүлэх зохицуулалт болох юм байна.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт баялаг бүтээгч хувийн хэвшлийг дэмжсэн Арилжааны багц хууль боловсруулахаар тусгасан. Мөн Улсын Их Хурлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийн 2.4.3-т “Барьцаалан зээлдүүлэх газар, иргэнээс олгох зээлийн үйл ажиллагааг бүртгэл хяналттай болгож, мөнгө хүүлэлтийг тодорхойлох эрх зүйн зохицуулалтыг бий болгох” гэж заасны дагуу Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Уг төсөлд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд тодорхой шаардлага тавьж, бүртгэл, хяналттай болгох зохицуулалтыг тусгасан. Тодруулбал, нэгдсэн бүртгэлд бүртгүүлэлгүйгээр зээлийн үйл ажиллагааг ашгийн төлөө, байнга явуулах тохиолдолд хүү авах эрхээ алдаж, холбогдох зөрчлийн хэргийн хариуцлага хүлээлгэх нөхцөл бүрдэх юм. Ингэснээр Иргэний хуульд заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдэд тооцогдон хоног тутам алданги тооцохгүй байх, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тооцох боломжтой байдлаар хуулийн төсөлд тусгасан байна. Мөн өдрийн зээл буюу хүүг урьдчилан авахыг хориглох асуудлыг тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар бичил санхүүгийн хэрэглэгч буюу зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн мөнгөний эргэлт нь тодорхой болж, улсын төсөвт төлөх татвар шударгаар төлөгдөх нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн бүртгэлгүйгээр ашгийн төлөө, байнга зээл олгох үйл ажиллагаа эрхэлж буй иргэд, хуулийн этгээдэд хариуцлага тооцож, хүү авах эрхгүй болсноор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх салбар мэргэжлийн, хариуцлагатай болж, бүртгэлгүй иргэд татвар төлөхгүйгээр, дур зоргоороо хүү, алданги тогтоон ашиг олох үйл ажиллагаа хумигдах ач холбогдолтой юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.