Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар өнөөдөр хэлэлцэнэ.
Давж заалдах шатны шүүхээс Н.Номтойбаярт оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна
УИХ, Засгийн газрын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 8-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон юм.
Давж заалдах шатны шүүхээс Н.Номтойбаярт оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Түүнд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасаж таван жил таван сар хорих ял оноосон юм.
Түүнийг ХНХ-ын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, тогтоол гарган, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн нэгж төслийн төсөв өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталсан зэргээр гэм буруутайд тооцсон байдаг.
Ж.Эрдэнэбатыг өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, албан тушаалаа ашиглах гэмт хэрэгт хамтран оролцсон гэж буруутгасан байдаг
Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр болсон.
Давж заалдах шатны шүүхээс түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, зургаан жил хорих ялыг хэвээр үлдээсэн байна.
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад өнгөрсөн оны долоодугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жил хорих ял оногдуулсан байна.
Түүнийг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон юм.
Н.БАТАА