Бээжин ДЭМБ-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн, коронавирусийн гарал үүслийг судлах олон улсын эрдэм шинжилгээний бүлгийг улсдаа нэвтрүүлэх зөвшөөрлөө саатуулж байна гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейсус мэдэгдэв.
Хятадын төр засагтай энэ асуудлаар тохиролцоонд хүрч, сүүлийн хэдэн өдөр судалгааны бүлгийн гишүүд өөрсдийн улс орнуудаасаа Хятад руу ниссэн гэнэ.
“Хятадын албан ёсны эрх бүхий төлөөлөгчид энэ бүлгийг очиход шаардлагатай зөвшөөрлийг бүрэн дуусгаагүй болохыг бид өнөөдөр мэдлээ” хэмээн Гебрейсус тэмдэглээд энэ мэдээнд маш их урам хугарсан болохоо тэмдэглэжээ.
ДЭМБ-ын нэг шинжээч гэр лүүгээ буцахад хүрсэн бол өөр нэг нь нөхцөл байдлыг хүлээн транзит улсад саатсан гэж ДЭМБ-ын онц байдлын хөтөлбөр хариуцсан захирал Майкл Райан мэдэгджээ. Мөн зарим мэргэжилтнүүд мэдэгдлийг хүлээн улс орноосоо ч гарч амжаагүй аж. Энэ асуудлыг Бээжин ойрын хэдхэн цагийн дотор шийднэ гэж найдаж байна хэмээн Райан тэмдэглэлээ.