Швейцарын хөгжлийн агентлаг нь Монгол Улсын соёл урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах, урлаг соёлын олон талт болон өвөрмөц онцлогийг бэхжүүлэх, мөн нийгмийн хөгжил, дэвшилд урлагийг бүтээлчээр ашиглах шинэлэг санаачлагыг дэмжих зорилгоор соёл урлагийн төслийн санал хүлээн авч байна.
Төслийн санал нь уран зохиол, шүлэг найраглал, уран зураг, хөгжим, театр, жүжиг, бүжиг, дуурь, дүрс бичлэгийн бүтээл, зохиомж, гэрэл зураг зэрэг соёл урлагийн олон талын онцлог төрлийг баяжуулан хөгжүүлэхэд хувь нэмэр болох зорилготой уламжлалт болон орчин үеийн урлагийн аль ч төрөл хэлбэрээр байж болно.
Соёл урлагийн өнөөдрийн тогтолцоог сайжруулах зорилготой соёл урлагийн бодлогын хүрээний, соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, сэргээн засварлах төслүүдийг дэмжинэ. Мөн соёл урлагийн салбарын мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах, мэргэжлийн үйл ажиллагааг нь дэмжих, энэ салбарын байгууллагууд болон байгууллага хоорондын харилцах хамтын ажиллагааг нь бэхжүүлэх төслүүдийг дэмжих ба соёл урлагт тулгуурлан хөгжил дэвшлийг дэмжих, соёл урлагийг нийгмийн хөгжил, өөрчлөлтийн хэрэгсэл болгон ашигласан төслүүдийг шалгаруулна.
Орон нутаг, аймаг сумдын урлаг соёлын байгууллагуудаас орон нутгийн соёл урлагийг дэмжих төслүүд болон залуу үе, соёл урлагийн салбарт анхлан хөл тавьж буй залуу уран бүтээлчдийг цаашдын соёл урлагийн хөгжлийн залгамж болоход бэлдэх, дэмжих төслүүдийг онцгойлон дэмжинэ.
Монгол Швейцарын хоорондох болон туршлага солилцох, урлагийн олон төрлийн бүрдлийг агуулсан саналуудад нээлттэй. Монголын урлаг, соёлын өвийг олон улсад сурталчлан таниулах зорилготой болон хилийн чанадад суурьшсан Монгол туургатнуудын олон үндэсний соёл урлагийн харилцан солилцоог дэмжих төслүүдийг мөн шалгаруулалтад хамруулах юм.
Төсөлд тавигдах үндсэн шаардлага:
- Өргөдөл гаргагч нь Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд буюу төрийн, төрийн бус, эрдэм шинжилгээний, урлаг соёлын байгууллага байх.
- Бүрэн боловсруулсан Төслийн саналыг хавсралтаас гадна 8 хуудаст багтаан дэлгэрэнгүй төсвийн хамт өгсөн удирдамжийн дагуу доорх холбоос дахь маягтуудыг бөглөн ирүүлнэ.
- Улаанбаатар хотод бүртгэлтэй байгууллагаас ирүүлэх төслийн санал зөвхөн Англи хэл дээр боловсруулсан байх ёстой. Хөдөө орон нутгаас оролцогчдыг төслөө монгол хэлээр бөглөсөн бол төслийн үндсэн санаа, гол агуулгыг англи хэлээр 1-2 хуудсанд багтаан хавсаргана.
- Төсөл нь аливаа улс төрийн нам, эвсэлтэй холбоогүй, төслийн үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар улс төрийн үйл ажиллагаатай холбогдоогүй байх;
- Төсөл хэрэгжүүлэх хугацаа 12-18 сар байна.
Дээрх шаардлага хангасан төслийг дараах шалгуураар шалгаруулна.
Үүнд:
- Бүтээлч, шинэлэг байх;
- Төслийг хэрэгжүүлэх аргачлал нь тодорхой, ойлгомжтой байх, үйл ажиллагааны төлөвлөгөө нарийвчилсан төсөвтэй байх;
- Монголын соёл урлагийн хөгжилд бодит хувь нэмэр оруулан баяжуулах, тодорхой үр дүн үзүүлэх;
- Хэрэгжүүлэгч нь тухайн салбартаа мэдлэг чадвар, туршлагатай байх;
- Хэрэгжүүлэгч нь төсөл хэрэгжүүлэх болон төсвийг захиран зарцуулах чадвартай гэдгээ нотолсон байх.
Төслийн шалгаруулалтыг хоёр төрөлд хуваан, төрөл бүрээс 50/50 хувиар ижил тооны төсөл шалгаруулна.
- Нэгдүгээр төрөлд арга хэмжээ, нэг удаагийн үйл ажиллагаа, үзэсгэлэн, тоглолтууд;
- Хоёрдугаар төрөлд үргэлжлэн хэрэгжих соёл урлагийг нийгмийн хөгжилд уялдуулсан, биет ба биет бус соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах зэрэг төслүүд гэж ангилна.
Санхүүгийн нөхцлүүд
Нийт төсвийн 20 хувийг төслийн санал хүргүүлж байгаа байгууллага заавал өөрийн болон бусад санхүүжүүлэгч байгууллага, Монгол Улсын Засгийн газрын байгууллагаас бэлэн ба бэлэн бусаар бүрдүүлсэн байх шаардлагатай. Энэ тохиолдолд эх үүсвэрээ нотолсон байна. Шалгаруулалтыг төслийн төсвийн өөрийн оролцооны хувиар дүйцүүлэн үнэлэхийг анхаарна уу.
Төслийн төсөвт ажилтан, мэргэжилтнүүдийн цалин, ажлын хөлс, урамшуулал зэрэг зардал нь нийт төсвийн 20 хувиас ихгүй байх бөгөөд илүү гарсан цалин, урамшууллыг өргөдөл гаргагч нь хариуцах болно.
Төсөл гаргагч төслийн хэрэгжилтийн явцад гарах бүх татвар даатгалыг хуулийн дагуу хариуцна.
Дараах саналыг шалгаруулалтад оруулахгүй.
Үүнд:
- Хувийн хэвшлийн компани, аж ахуйн нэгж бол;
- Байгууллагын үйл ажиллагааны тогтмол зардал, ажилтнуудын цалин урамшуулал зэргийг голчлон санхүүжүүлэх санал;
- Хувь хүний сургалт, судалгааны ажил, тэтгэлэг зэргийг санхүүжүүлэх санал
Өргөдөл гаргах журам:
- Төслийн маягтыг https://www.eda.admin.ch/mongolia хаягаар орж татаж авна уу.
- Бүрэн гүйцэд боловсруулсан төслийн саналыг PDF форматаар ulaanbaatar@eda.admin.ch и-мэйл хаягт “Culture Project Proposal 2021” гэсэн гарчигтайгаар илгээнэ. Хавсралтын хэмжээ нь 10МB-аас ихгүй байна.
- Төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр.
Жич: Нэг байгууллага нэг төслийн санал илгээнэ. Бүрэн бус болон хангалтгүй боловсруулсан материалыг сонгон шалгаруулалтад оруулахгүй. Төслийн шалгаруулалт нь шударга өрсөлдөөнт журмаар явагдана. Өмнө нь санхүүжилт авч байгаагүй шинэлэг төслийг түлхүү дэмжинэ. Зөвхөн шалгарсан төсөлд бичгээр хариу мэдэгдэнэ. Төслийн материалыг буцаан олгохгүй. Төслийн шалгаруулалт нь төсөл хүлээн авах эцсийн хугацаанаас хойш нэг сарын дотор эцэслэгдэнэ. Төсөлтэй холбоотой аливаа асуултад утсаар хариу өгөх боломжгүйг анхаарна уу.
Соёл урлаг нь нийгмийн өөрчлөлтийн гол илэрхийлэл бөгөөд хөгжлийн цөм болдог