Ковид -19 цар тахал хүн төрөлхтний эрүүл мэнд, аж амьдралд сөргөөр нөлөөлж байгаагийн дотор охид, эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд илүү эрсдэлд орж байна. Монгол Улсад хот хөдөөгийн эмэгтэйчүүдийн өрхийн болон бичил үйлдвэрлэл зогсож, ажлаа алдан орлого тасалдах, гэр орны хөлсгүй хөдөлмөр, асран хамгаалах ажлын ачаалал ихсэх байдал ажиглагдаж, охид, эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх нь нэмэгдэж байна.
Тиймээс Жендэрийн Үндэсний Хороо, Азийн сангаас Канадын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх” төсөлтэй хамтран ТББ-уудад зориулсан тэтгэлэгт төсөл улс даяар нээлттэй зарласан билээ. Энэхүү “Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөг даван туулахад эмэгтэйчүүд, охидод туслах төрийн бус байгууллагуудын шинэ санаа, санаачлагыг дэмжих” тэтгэлэгт хамрагдахаар нийслэлийн 8 дүүргийн 56, 17 аймгийн 39, нийт 95 төрийн бус байгууллага төсөл ирүүллээ.
КОВИД-19 цар тахлын сөрөг нөлөөнд өртөөд буй охид, эмэгтэйчүүдэд туслах хамгийн оновчтой арга хэмжээг санал болгон шалгарсан арван ТББ нийслэлд долоо, Баян-Өлгий, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудад тус бүр нэг төсөл хэрэгжүүлж эхэллээ. Тус бүр 8 сая төгрөгийн тэтгэлгээр 4 сарын хугацаанд хэрэгжих эдгээр төсөл нь сайн туршлага болж, цаашид Ковид-19 цар тахлын үед эмэгтэйчүүд охидод тулгамдсан бэрхшээлийг шийдэхэд үнэтэй хувь нэмэр оруулах болно.
Тэтгэлэгт шалгарсан төслүүд:
1. “Хог ангилан ялгаж баялаг бүтээгч охид, эмэгтэйчүүдэд туслах” төсөл (“Төвшин сайхан мөнх” ТББ)
Хог ангилан, ялгах, хүргэх, хүлээн авах хүнд, эрсдэлтэй хөдөлмөр эрхэлж буй охид эмэгтэйчүүдэд зориулан амарч дулаацах байр бий болгож, шаардлагатай мэдээлэл, тусламж хүргэнэ.
2. “Сovid 19 mompreneurz micro –business grant” төсөл (“Дэлхийн төгс боловсрол” ТББ)
Бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд бизнесээ аврах тусламжийн мөнгөн тэтгэлэг олгохын зэрэгцээ бүтээгдэхүүнийх нь борлуулалтыг дэмжиж, цахим сургалтад хамруулан, бизнесийн болон мэргэжлийн зөвлөгөө өгнө.
3. “Цэцэг бүр анхилуун” төсөл (“Бид чадна эм эн нэгдэл” ТББ)
Тэргэнцэртэй охид эмэгтэйчүүд эмийн чанартай ургамлуудыг гэртээ тарих, цахимаар худалдахад сурган, бүлэгт нэгдэн бизнесийн сүлжээ үүсгэх, харилцан суралцаж, хамтран ажиллахад нь дэмжлэг үзүүлнэ.
4. “Энхийг сахиулагч бүсгүйчүүд -гэр бүл” төсөл (“Бид мартаагүй” эмэгтэйчүүдийн клуб)
Хилийн чанадад энхийг сахиулж буй эмэгтэйчүүдийн эх орондоо үлдсэн гэр бүл, хүүхдэд шаардлагатай тусламж дэмжлэгийг хүргэж, эмэгтэйчүүд, тэдний гэр бүлийн сэтгэл зүйн дархлааг дэмжинэ.
5. “Цар тахлын үед худалдаа эрхлэгч эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааг дэмжин, чадавхжуулах” төсөл (“Мянганы дэвшил” ТББ) Баян-Өлгий аймгийн “Тирлик” захад худалдаа эрхэлдэг 400 охид эмэгтэйчүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, орлогыг таслахгүйн тулд бүлгийн зохион байгуулалтад оруулан хилийн чанадаас бараа захиалах, гэрээ хийх, цахим худалдаа эрхлэх чиглэлээр чадавхжуулж, хамтын ажиллагааг нь дэмжинэ.
6. “Цахим сэргээш-хөдөлмөр эрхлэлт” төсөл (Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбооны Өвөрхангай аймаг дахь салбар ТББ)
Арвайхээр сумын ажил, орлогогүй 100 эмэгтэйг хөдөлмөр эрхлэхэд сэтгэл зүйн болон мэдээлэл, зуучлалын дэмжлэг үзүүлж, цар тахлын үед эмэгтэйчүүд нөөц боломжоо ашиглан хамтран ажиллаж орлого олох боломжуудыг сонгон туршина. Мөн Өвөрхангай аймгийн охид эмэгтэйчүүдэд хөл хорионы үед урам зориг өгөх, мэдээлэл хүргэх “Цахим сэргээш” сургалтыг зохион байгуулна.
7. Хүчирхийлэлгүй гэр бүл” төсөл (“Эрчүүд, гэр бүл, хүүхэд хөгжлийн нийгэмлэг” ТББ) Хүчирхийллийн харилцаатай 20 өрхийн гишүүдтэй цогц байдлаар ажиллан цар тахлын хүнд үед хүчирхийлэл, айдасгүй амьдрахад тусална.
8. “Айдасгүй амар амгалан байж, хамтдаа аюулыг давцгаая” төсөл (Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Сүхбаатар аймаг дахь салбар)
Сүхбаатар аймгийн өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хүн бүлгүй өндөр настан, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй 50 малчин өрхийн 150-200 охид, эмэгтэйчүүдэд нэн шаардлагатай дэмжлэг тусламж хүргэж, цар тахлын үеийн эрсдэлийг нь бууруулна.
9. “Stay clean and stay healthy at home” төсөл (“Хөх Ухаан” НҮТББ)
Өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хүн бүлгүй өндөр настан эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй болон нийгмийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа 50 өрхийн 200 орчим охид, эмэгтэйчүүдийг халуун усанд орох ариун цэвэр эрүүл ахуйгаа сахихад тусалж, мэдлэг мэдээллээр хангана.
10. “It is ok, to not be ok” төсөл (“Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ)
Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон, мөн хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй охид, эмэгтэйчүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө, дэмжлэг, сэтгэл заслын үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэж, эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь хамгаалахад туслах анхан шатны шууд тусламж үзүүлнэ.
Эх сурвалж: Жендэрийн Үндэсний Хороо